УИХ-ын гишүүд ажилгүй болбол 46 сая төгрөгийн тэтгэмж авна

2e54ef83-450e-485d-8ba5-8e861e9e5d4bУг нь “Бид ард түмнээс сонгогддог”,  “Би ард түмний хүн” хэмээн цээжээ дэлддэг гишүүд маань ард түмэн, татвар төлөгчдийнхөө мөнгийг гишүүн биш болсон ч ямар нэгэн аргаар саах тухай хууль батлаж байх юм. Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө зориулан хууль санаачлан батлуулж байгаа олон жишээ бий.

Сүүлийн ганцхан жишээ дурдахад УИХ-ын гишүүд маань унахаасаа өмнө буюу өнгөрөгч оны тавдугаар сарын 16-ны өдөр 41 дүгээр зүйлийн 41.9-д “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэх өөрчлөлт оруулан батлуулчихаад явжээ.

Энэ хуулийг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэхүү хуулийн зохицуулалт нь өмнөх парламентын гишүүдэд үйлчлэхгүй ч шинээр бүрдсэн өнөөгийн 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусгавар болоход үйлчлэх юм.

Одоогийн УИХ-ын цалингийн хэмжээнд дүйж үзвэл ажилгүй болсон этгээд нийт 46 сая төгрөгийн тэтгэмж авах юм байна.

Тухайн үед уг хуулийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг өргөн барихдаа дунд нь шургуулчихжээ.


URL: