Ерөнхийлөгчийн мөрөөдлийг С.Амарсайхан самрах нь?!

62469788_395447394395321_3798503745558413312_n_20190609072158-810x500-1Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх санаачилгаар 21 аймаг, 330 сум,нийслэлийн есөн дүүрэгт “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр нэгэн зэрэг албан ёсоор нээлтэй хийж байв. Хөтөлбөрийн гол зорилго нь таван жилийн хугацаанд Монгол Улс хүнсний хэрэглээгээ дотоодоосоо зуун хувь хангаж, эрүүл монгол хүнийг бэлдэх байлаа.

У.Хүрэлсүх Төрийн тэргүүн болсныхоо дараа үндэсний хөдөлгөөн нэртэй гурван том хөтөлбөр санаачилсан  нь “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал”.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж ургуулсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны сайтад мэдээлжээ. Тарьж, ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /4.1 сая/ бусдыгаа манлайлж байгааг уг мэдээнд онцолсон байна. Тэрбум мод тарьж ургуулахад нийтдээ 19.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг 10 жилээр хэрэгжүүлэхээр монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй архи, тамхи, ундны ус, үдийн хоол хөтөлбөр гээд дэс дараалалтайгаар цогц арга хэмжээ аваад явж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэвлэлд ярьжээ.

Гэвчиг монгол хүний эрүүл мэндийн гол асуудал нь архи тамхинаас илүү агаарын болон хөрс, усны бохирдол болсон. Нэг жилд 4500 хүн хорт хавдрын улмаас, 6000 хүн зүрх судасны өвчнөөр амиа алддаг гэсэн статистик байна. Үндсэндээ, Монгол хүний эрүүл мэнд 70 сая малаасаа дор үнэлэмжтэй байгаа нь үнэн. “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь уг нь үүнд чиглэх ёстой юм. Үнэндээ, архи, тамхинаас илүү агаар, хөрс, усны бохирдол монгол хүний заналт дайсан болоод удаж байгаа. Тэр тусмаа У.Хүрэлсүхийн санаачилж хэрэгжүүлсэн сайжруулсан түлш улаанбаатарчуудын эрүүл мэндийг “муужруулж” буй эрсдэлт шалтгаан болсон. “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлш үйлдвэрлээд утаа буураагүйг хотын дарга Х.Нямбаатар өөрийн амаараа дуулгасан билээ. “Эрдэнэс Тавантолго”й компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд шахмал түлшний үйлдвэрт шилжүүлсэн 1.1 их наяд төгрөгийн хулгай, луйврын талаар Ерөнхий аудитор Д.Загджав нэгэнтээ ам алдсан ч удаа бий.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан гурван цогц хөтөлбөрийн нэг бол “Хүнсний хувьсгал”. Тэрбээр  “Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна”. Энэ бол Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна.Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм.Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил -0 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн” болохоо орон даяар зарласнаас хойш хоёр жилийн дараа Засгийн газар Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийхээр болсон гэх мэдээлэл цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр Монгол Улс 300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх, уг гэрээг арванхоёрдугаар сард багтаж байгуулах асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байгаа юм.

Евразийн эдийн засгийн холбоо нь 2014 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулагдсан аж. Тус холбоонд  ОХУ, Казахстан, Беларусь, Армени болон Киргизстан гэх хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн таван орон гишүүнчлэлтэй.

Энэхүү холбоонд Монгол Улс элсвэл дотоодын жижиг, дунд үйлдвэрүүд хаалгаа барихад тулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн.

Санхүүгийн салбар, тэр дундаа арилжааны банкууд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт 1 их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох болсон байна.

УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр төлөвлөөд байгаа.Хэрэв Шадар сайд С.Амарсайхан “даалгавар”-аа биелүүлбэл У.Хүрэлсүхийн энэ мэт төлөвлөгөө талаар болно. Ерөнхийлөгчийн хүнсний хувьсгал хуудуутай ажил болж үлдэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрөөдлийг С.Амарсайхан самрах аваас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал үүрд алдагдах юм. Үүнийг С.Амарсайхан хүсдэг юмаа гэхэд хананд зурагаа хадуулахаас илүү түүхэнд нэрээ мөнхлөх хүсэлтэй У.Хүрэлсүх хүсээ гэж үү?!

Ж.ЭРХЭС

https://news.mn/r/2769010/


URL: