Импичмент Пак Гын Хе, Юн Сук Ёл нарт яагаад өөр үр дүн үзүүлэв?

0fbc4acb-6dbf-4b30-bc1f-820cdd5262f2Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч асан Пак Гын Хег 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр импичментээр огцруулж байв. Өнөөгийн ерөнхийлөгч Юн Сук Ёлын гэнэтийн бөгөөд зохисгүй шийдвэрийн улмаас дэгдсэн үймээн самуун 2016 оны Пак Гын Хегийн авлигын дуулиантай адил өндрийг авсан. Гэсэн ч импичментийн санал хураалтын дүн өөр гарлаа. Пак Гын Хегийн тухайд эрх баригч намын олонх дэмжсэнээр импичмент зарласан бол энэ удаад эрх баригч нам импичментээс зайлсхийв.

Пак Гын Хег огцруулсны дараа тэр үеийн эрх баригч консерватив Саенури нам байр сууриа алдаж, хүмүүс консерваторуудад итгэх итгэлээ алдсанаар бараг л уналтад орсон. Импичмент нь консерваторуудыг хоёр хуваасан юм. Тодруулбал, импичментийг идэвхтэй дэмжиж байсан Пакийн эсрэг фракц намаасаа салж, Бареун намыг байгуулсан бол Саенуригийн үлдсэн гишүүд Эрх чөлөөний Солонгосын намыг байгуулжээ.

Улмаар 2017 оны тавдугаар сард болсон ээлжит бус сонгуулиар тухайн үед сөрөг хүчин байсан Солонгосын либерал ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин засгийн эрхийг авсан.

Хоёр консерватив нам хожим нэгдэж одоогийн эрх баригч Ардын хүчний нам байгуулсан билээ. Тэд 2020 оны дөрөвдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийг хүртэл олон нийтийн дэмжлэгийг сэргээхийн төлөө тэмцжээ. Гэвч Үндэсний ассамблейн 300 суудлын ердөө гуравны нэгийг авсан.

Өдгөө Юн Сук Ёлын импичментийг дэмжчихвэл дараагийн ээлжит бус сонгуульд консервативууд ялагдал хүлээнэ гэж тэд айж байна. Энэ нь сөрөг хүчний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Ли Жэ Мёныг Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болгох замыг нээж өгч магадгүй юм. Тус намын төлөөлөгч Ким Ги-Хён цахим сүлжээндээ энэ талаар бичихдээ “Хэрэв бид сонгосон ерөнхийлөгчөө дахин огцруулах юм бол дараагийн удаад ард түмнээсээ консервативуудыг сонгооч гэж хэзээ ч шаардаж чадахааргүй болно” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES


URL: