Д.Дамба-Очир гишүүн Эрдэнэтээс хөрөнгөө татаж эхэллээ
Шинээр батлагдсан сонгуулийн хууль улстөрчдийн ирээдүйн бүх төлөвлөгөөг нурааж, ирж яваа цагийн өөдөөс ингэж алхвал зүгээр, тэгж алхвал зүгээр гэсэн бодолд автуулж байна. Ажил амьдрал, аж ахуй нэгжүүдээ хүртэл хөдөлгөөнд оруулж эхэлжээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртон Эрдэнэтэд 22 жил амьдрахдаа 17 жил нь зүтгэж босгосон Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” хэмээх “алдартай” компаниа шилжүүлж Улаанбаатарынх болгожээ.
“Алдартай” гэдгийг тус компани ажлын байр, албан татварын төлөлт, хийсэн бүтээснээр нь хэлээд байгаа юм биш. Өнөөх Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 172 км замыг барих гэж яаж ард түмнийг тамласан, дээр нь тэр хавийн байгалийг ямар түйрэн болгосноор нь хэлж байгаа юм. Үүгээрээ л энэ компани ихэд алдаршжээ. Энэхүү “алдартай” компаниа Дамба-Очир нийслэл рүү шилжүүлсэн нь угтаа улс төрийн карьер нь Орхонд ирэх сонгуулиар дуусч, дахин сонгогдохгүйгээ мэдэрсэн учир ийнхүү “Орхон баяртай” гэж хэлж буй хэрэг бололтой. Гэхдээ салбар нь гэсэн охин компанийн нэрийг Орхон аймгийн татвар бусад газарт сонгууль өнгөртөл хэвээр нь үлдээхээ тэр мэдэх байлгүй. Гишүүн “Очир төв” компаниараа их газраа мөнгө хийх нь зөв гэж шийджээ. Тухайлбал хотын харьяанд байлгаж том тендер авсан нь ашигтай гэж үзэж. Хүнд амтших гэж нэг муухай “юм” байдаг. Ухаандаа алдарт Лүнгийн замаас тэрбээр таван тэрбумын ашиг унагасан хүн. Олон улсын нээлттэй тендерээс “Очир төв” компани шалгарсан Лүнгийн замын нийт өртөг 21 тэрбум 288 сая төгрөг байдаг. Зах зээлийн тэр үеийн ханшаар нэг км зам дээд тал нь 150 сая төгрөгөөр босч байв. Энэ зардал 16 тэрбум төгрөг л болдог юм. Ингэхээр цаана нь 5 сая 288 сая төгрөг унана. Мэдээж үүнээсээ нэг тэрбумыг нь намдаа өгсөн биз. Их хурлын сонгуульд нэг тэрбумыг нь зарсан гэж тооцъё. Тендер авах авлигадаа тэрбумыг нь өгсөн байж таарна. Хаавсаг, хоёр тэрбум төгрөг их мөнгө шүү дээ. Монголын жирийн иргэнд мөрөөдлийн мөнгө. Ийм ашиг хийдэг тендерт оролцох нь түүний хувьд ашигтай учраас Орхон аймгийн харьяаллаас “Очир төв”-өө хот руу татжээ. Д.Дамба-Очир 2006.04.24-ний “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Би Улаанбаатар руу цаг нь болохоор нэг мөсөн очно. Наана нь энд хийх ажил байна. Хэдэн төслөө хэрэгжүүлээд авчихвал тэгээд явна” гэж ярьсан байдаг. Тэгэхээр түүний хэдэн төсөл Орхон аймагт хэрэгжээд дууссан бололтой.
“Очир төв” компаниар түүний Орхон аймаг дахь хөрөнгө дуусахгүй гэж УИХ-ын гишүүн Д.Одхүү чуулганы танхимд бас хэлээтэхжээ. Д.Одхүү “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын нэг тоосго байсан ч Д.Дамба-Очирын компани мэдэж байгаа. Үүнийг орхончууд гэрчилнэ” гэж. Нэг аймгаас сонгогдсон энэ хоёр нэгнийгээ мэдэлгүй яахав. Гэхдээ Д.Одхүү гишүүн төөрөлдсөн байж магадгүй. “Эрдэнэтийн ДЦС” нь түүний хэдэн төслийнх нь нэг байгаад хэрэгжээд дуусчихсан юм биш үү. Дуусаад, эд бад хийчихсэн төслийг хожуу мэдээд ярьсан бол оройтсон бороо шүү дээ.
“Орхоныг баяртай” гэх олон шалтгаан түүнд байна. Намынхан нь ядаж түүнийг дарамтлаад эхэлж. МАН-ын буурьтай гишүүн Р.Раш гуай хүртэл түүнийг “Дамба-Очирт монгол хүний жудаг байх болов уу. Өнөөдөр цэцэрлэгийн эрхлэгч хүртэл зам барих тендерт орно гээд явдаг болж. Монголд зам барьж чадах арваад компани л бий. Чаддагийг нь хийлгэх ёстой. Чаддаггүй юмнууд сарваганаад байдгийг болиулах хэрэгтэй” гэсэн бол намынх нь нэг нөхөр гишүүн Р.Буд “Болохгүй бол Очир төвтэй байгуулсан гэрээг цуцал гэж Засгийн газарт чиглэл өгсөн” гэж хүртэл нэгэнтээ хэлж байжээ. Ингэж намынх нь нөхөд хүртэл тендерийн мангас түүний “Очир төв”-өөс айсаар байтал мань эр “Тэгэхгүй шүү, их газраа ирж их том замын тендерүүдэд оролцоно шүү” гэж зүтгэсээр хотод авчирчээ. Одоо ч хүнээсээ гэхээсээ компанийнх нь нэрнээс айдаг болж дээ. Д.Дамба-Очирыг Лүнгийн замтай ганц холбох нь жижиг хэрэг. Тэрбээр 2007 онд гэхэд түлш, эрчим хүчний салбарын бүх л тендерийг авсныг дурдах ёстой. Хөвсгөл, Хэнтий, Булган, Баян-хонгор… гээд тус аймгуудын сумдын дэд станцыг ганц компани дангаараа гүйцэтгэж чадаагүй нь тодорхой. Нэг яамны сайдын нэг оных нь төсвийн багц зөвхөн нэг компанид очсон байдгийг юу гэж ойлгож байдаг юм бол доо. Энэ аймгуудад юу боссоныг нутгийн иргэдээс нь асуухад л тодорхой болно.
Д.Дамба-Очир зүгээр ч нэг Орхоныг орхих гээд байгаа биш бололтой. Тэрбээр хуучин тойрогтоо үзэх санаа их байгаа бололтой. Ганцхан явж өгөхгүй нь мэдрэгдээд эхэлсэн учраас сэмхэнээр ийнхүү тэндэх хөрөнгө хогшлоо татаж эхэлжээ. Уг нь тэрбээр тэндээ дахиж үзэх бэлтгэлээ хангаж эхэлж байж. Нам дотроо түүний гол өрсөлдөгч болох, Орхоны тойрогт түүнтэй дажин үүсгэх Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат байв. Түүнийг ажлаас нь огцруулах ажиллагааг тэрбээр дэглэж, тус аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч залуусыг турхиснаар ИТХ-ын төлөөлөгч 12 хүнийг Д.Оюунбатын эсрэг санал өгүүлэн огцруулж чаджээ. Энэхүү ажиллагааг Г.Тэмүүлэн гэж ГОК-ийн боссын хүү зохион байгуулсан ч гэх. Ингээд нэг юм санаа амраад байж байтал Орхон аймагт нэр дэвших нь баттай гэгдэж байсан Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг нэр дэвших эрхээ олж авахаар тэнд өөрийн тоглолтоо эхлүүлсэн нь түүнд аянга болсон бололтой. О.Содбилэгийн эсрэг Д.Дамба-Очир тоглолт хийх гэж үзжээ. Орхон аймгийн иргэдийн ярьж байгаагаар бол “Петровис та бүхэнд үнэгүй бензин тараана…” гэхчлэн Д.Дамба-Очир гортоолж эхэлжээ. “Петровис” гэдэг нь өнөөх О.Содбилэгийнх нь компани биз дээ. Үүнд нь үнэмшсэн орхончууд О.Содбилэгээс үнэгүй бензин нэхэж эхэлсэн бололтой. Энэ мэт муу аргыг мэдэхгүй их улс төрд орохоор зүтгэж буй О.Содбилэг уурсаж мань Д.Дамба-Очирын эсрэг тоглолтоо чангаруулсан нь мань эр сүйрэх шалтгаан болсон гэж орхончууд ярьж байна. О.Содбилэгтэй тэрбээр уулзаж “Ахыгаа уучлаарай, хоёулаа сонгуулиар хамтдаа явна шүү” гэж хүртэл хэлсэн хэмээн ойрын эх сурвалж нь ярьж байна. Харин шартай хортой О.Содбилэг “Та өөрөө эхэлсэн шүү, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг биз дээ” гэж хэлсэн тухай эрдэнэтчүүдийн дунд яриа байна. Үнэн эсэхийг мэдэхгүй, үзэгдэх, харагдах байдлаараа бол өнөөдөр Д.Дамба-Очир хөрөнгө хогшлоо тэндээс татаж, Орхоноос нүүр буруулах өнгөндөө орсон нь л тодорхой байна.
Эцэст нь хэлэхэд Д.Дамба-Очир ажил хийдэггүй хүн биш хийдэг хүн гэж байна шүү. Хийхдээ ганцхан нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч л болгодог бололтой. Нэг км нь 180 сая төгрөгийн өртгөөр босох замыг зуун саяд багтаагаад 80 саяыг нь унагадаг гэж орхоныхон ярьж байгаа юм. Жишээ нь Эрдэнэт хот дахь Баян-Өндөрийн гэр хороолол дундуур тойрох хатуу хучилттай зам одоо там болсноор наад зах нь батлагддаг бололтой, золиг чинь.
Б.НЯМАА
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: