АНУ БНХАУ-д чиглэсэн хиймэл оюуны чипийн худалдааны хязгаарлалтаа чангаруулав
Шинэ хориг нь БНХАУ-ын томоохон технологийн компаниудад чиглэсэн өмнөх хориг арга хэмжээтэй харьцуулахад тийм ч өргөн хүрээний хязгаарлалт биш гэж харж болохоор байна.
АНУ БНХАУ-д чип, хиймэл оюуны технологид шаардлагатай нэн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг худалдан авахыг хориглосон хязгаарлалтын шинэ арга хэмжээгээ танилцууллаа. Энэ нь БНХАУ-ын технологийн салбарын хөгжлийг хязгаарлах гэсэн хамгийн сүүлийн үеийн алхам болж байна.
АНУ-ын Худалдааны яам дотоод, гадаадын компаниудад үйлдвэрлэсэн өндөр багтаамжтай санах ойн чипүүдийн худалдаанд шинэ хориг тавилаа. Энэхүү хоригт БНХАУ-ын компаниудаас гадна БНСУ-ын “SK Hynix”, “Samsung Electronics”, мөн Айдахо мужид төвтэй “Micron Technology” зэрэг компани өртөх магадлалтай байгаа аж. Хоригт багтсан чипийн эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь мэдээлэл боловсруулж, хадгалдаг бөгөөд хиймэл оюуны программуудад зайлшгүй шаардлагатай байдаг.
АНУ-ын Худалдааны яам чип хийх тоног төхөөрөмж, тэр дундаа АНУ-ын компаниудын хилийн чанад дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зэрэгт одоо байгаа хяналтыг улам чангаруулсан юм. Гэсэн ч Япон, Нидерланд зэрэг гол холбоотон орнууддаа зориулан тусгай хамгаалалтын заалт гаргажээ. Үүнээс өмнө Жо Байдены засаг захиргаа “Tokyo Electron”, “ASML Holding” зэрэг компанид АНУ-ын талаас хяналт тавих талаар Япон, Нидерланд улстай олон сар хэлэлцээ хийсэн ч эцэст нь хэрэгжүүлж эхлээгүй юм.
Даваа гарагт АНУ-ын “Lam Research”, “Applied Materials”, “KLA Corporation” зэрэг хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш өссөн.
“ASML Holding”-ийн хувьд дээрх мэдэгдлийн дараа энэхүү шинэ зохицуулалт тус компанийн 2024 оны бизнесийн үйл ажиллагаанд нь шууд нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгджээ.
Жо Байдены засаг захиргаа БНХАУ батлан хамгаалахын салбартаа ашиглаж болох дэвшилтэт хагас дамжуулагч болон хиймэл оюуны программын хөгжлийг удаашруулах зорилгоор олон жилийн турш худалдааны хязгаарлалтууд тавьсаар ирсэн юм.
URL: