Шанхай хотод таван оюутан Марокко улсын оюутнуудтай зодолдсон хэрэг гарчээ
Манай улсын таван оюутан БНХАУ-д гэмт хэрэгт холбогдсон гэх хэргийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Манай улсын 285 мянган иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч, суралцаж байна. Иргэд маань тухайн орныхоо зан заншлыг судалж, хариуцлагатай байх ёстой. Манай иргэд их хариуцлагагүй, хувийн сахилга бат муугаас болж асуудал гардаг, осолд орж гэмтэж бэртдэг. Иргэддээ сэрэмжлүүлэг хүргэдэг ч хэрэг төвөгт холбогдох нь их байна.
Тухайлбал, Шанхай хотод таван оюутан Марокко улсын оюутнуудтай зодолдсон хэрэг гарсан. Тэдгээр оюутнуудыг хорьсон байгаа.
Манай улсаас Шанхай хотод суугаа ерөнхий консул тэдгээр оюутнуудын ар гэрт мэдээлэл өгсөн. Энэ дагуу ар гэрийнхэн нь Шанхай хотод очиж өмгөөлөгч авсан. Эрүүгийн хэрэг үүссэн учир шалгалт үргэлжилж байна.
Маргааш консул тэдгээр оюутнуудтай уулзана. Тэдний өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Хохирсон гэх Марокко улсын иргэд бэртэж гэмтсэн гэдэг мэдээлэл бий” гэлээ.
URL: