Аудит: Нийслэлийн төсөв батлагдаагүй байхад зарим зардлуудыг гаргасан зөрчил илэрсэн

6b351c69fc5a8010d765ea7a2bb4c535НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн мэдүүлсэн  Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа.

Тэгвэл Үндэсний аудитын газраас төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр, зардлыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах дүгнэлт зөвлөмжийг өгчээ. Ингэхдээ нийслэлийн төсвийн зарлагаас дараах арга хэмжээг хасах байдлаар бууруулах боломжтой гэж зөвлөв.

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардалд төсөвлөлтийн шаардлага хангаагүй, тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй нийт 2.2 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200 сая төгрөг, Нийслэлийн үнэт цаасны болон Өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авахад 200 сая төгрөг гэх мэт
  • Ах дүүгийн найрамдал харилцаатай хотуудтай хамтран худалдаа, эдийн засгийн олон улсын форум зохин байгуулахад  1.7 тэрбум төгрөг
  • Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Тухайлбал, “соёлын эрхийн бичгийн туршилт” үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 сая төгрөг. Төр хувийн хэвшлээс үзүүлэх зарим үйлчилгээнд иргэний нийгмийн байгууллага, ТББ, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажилд 200 сая төгрөг, бусад үйл ажиллагааны зардалд 2.9 тэрбум төгрөг, АТГ тэмцэх ажиллагаанд 200 сая төгрөг гэм мэт.
  • Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Тухайлбал, шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 сая төгрөг. “Бүтээлч-Од” төслийг хэрэгжүүлэхэд 950 сая төгрөг, Өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая төгрөг, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая төгрөг, “Эх оронч сурагч” аян хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг гэх мэт.
  • Нийслэлийн өмчийн үйлдвэрийн сангийн хөрөнгийн дүрмийн санг 9 тэрбумаар нэмэгдүүлэх нь нотлогдоогүй, нэршил хуваарилалт, зориулалт тодорхойгүй байна.
  • Шинэ зуун мод корпорац ХХК, Нийслэлийн эрсдэлийн удирдлагын сан ХОС ХХК-ийн дүрмийн санд нийт 7 тэрбум төгрөг төлөвлөсөн нь төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрсөн.

    Анхааруулга: Өнгөрсөн жил Эмээлт Эко аж үйлдвэрийн паркийн дүрмийн санг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсныг урсгал үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Гэтэл 2025 оны нийслэлийн төсвийн төсөлд хуулийн этгээдүүдийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд хөрөнгө нэрээр туссан 12 тэрбум төгрөгийг урсгал зардал зарцуулах эрсдэл үүсэж болзошгүй байна.

 Мөн төсөв батлагдаагүй байхад аль хэдийнэ зарим зардлуудыг гаргасан зөрчил гарсан учраас дахин ийм зөрчил гаргахгүй байхыг Хотын дарга, Тамгын газарт анхааруулав.

Мөн хөрөнгө оруулалтын арга хэмжээнээс 16.9 хувь зураг төсөлгүй, 20.4 хувь нь магадлангийн дүгнэлтийн хоёр жилийн хугацаа хэтэрсэн, 37.5 хувь газрын зөвшөөрөлгүй, 40,9 хувь холбогдох байгууллагаас техникийн нөхцөл аваагүй байна гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn


URL: