Ерөнхийлөгчийн зарлигийн мөрөөр учирлах нь
Саяхан тохиосон их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргасныг цаг үеэ олсон маш чухал шийдвэр гэж талархан хүлээж авлаа. Монголын бүх эрдэмтэн судлаачид миний адилаар баярлан урамшиж улам ихийг хийж бүтээхээр үзгээ шүүрэн байгаа буй заа.
Зарлигийн эхэнд “Монголын түүх судлал, Олон улсын Монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор дэмжинэ” гэсэн нь “ёстой л загатнасан газар маажих шиг болж”, хэдэн үг хэлхэж төр, түмэнд хүргэхээр санаа шулуудавай.
Нэгэн зүйлийг учирлах ану: Монголд ардчилал ялж, шинэ нийгэмд шилжин орсон тэртээх ерээд оны дундуур шиг санагдана. Нэрт түүхч академич Ч.Далай багш нэгэнтээ ярьж байсан нь ой тойнд үлджээ. Тэрээр “Би урд хөршид нэг сайн түүхч бэлдэж байгаа. Бидний шийрийг хатаах хүн гарах байх” гэж их л баяртай өгүүлж байсан юм. Гэвч ахмад үеийн нэрт түүхчдийн шийрийг хатаах сайн түүхч болох залуу амьдралын эрхээр бизнест хөл тавьж, түүхч болоогүй юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 30 гаруй жил өнгөрөхөд Монгол Улс урд хөршид сургаж авсан хятад хэлтэй түүхчтэй болсонгүй ээ.
Би сайн мэдэхгүй байж магадгүй, гэхдээ л энэ хугацаанд Хятадад түүхийн мэргэжлээр суралцаж ирсэн хүний тухай сонссонгүй. Монгол-Хятадын харилцаа сэргэж хэвийн болсон наяад оны дундаас, бүр тодруулвал 1986 оноос эхлэн манай улс Хятадад залуучуудаа илгээн төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн. Өнөөдрийг хүртэл хэдэн арван мянган залуучууд Хятадад суралцсан байх.
Өдгөө жил тутам 10 гаруй мянган залуучууд Хятадын их, дээд сургуулиудад янз бүрийн мэргэжлээр суралцаж байгаа. Гэвч тэдний дотор түүхийн мэргэжлээр суралцаж байгаа хүн байхгүй гэж мөрийцөхөд алдахгүй гэж бодож байна. Яагаад би үүнийг онцлоод байна? гэхээр, Монголын түүхийг судлахад хятад хэл бичгийн мэдлэггүйгээр бүтэхгүйг л хэлж байгаа хэрэг. Тэр тусмаа бүр академик түвшний гүнзгий мэдлэггүйгээр, эртний хятад хэл бичгийн мэдлэггүйгээр хятад хэл бичгээр байгаа мянга мянган жилийн түүхийн эх сурвалжуудыг үзэж ашиглаж, тэр дотроос өвөг дээдсийнхээ тухай олж мэдэж, ашиглаж чадахгүй. Наяад оны үед намайг оюутан байхад миний номын багш др.
Чой.Лувсанжав: “Хятадад сураад жараад оны эхээр төгсч ирэхэд Ринчен багш уулзаад “Одоо бид хүний өөрийн данс дугуйлах цаг болсон” гэж хэлсэн нь хүний юманд байгаа өөрийн юмыг ялгаж салгаж авах тухай сануулга байсан” гэж ярьж байсан юм. Яагаад гэвэл, Монголын түүх, соёл зөвхөн өнөөгийн Монгол Улсаар хязгаарлагддаггүй, дэлхийн энгээр нэг тархсан байдагт их өтгөсийн энэ далд утгатай үгийн учир оршино. Энэ үг эн түрүүнд эх түүхэнд хамаатай. Тэгээд ч хүний юман дотор байгаа өөрийн юмаа бид гүйцэд авч чадаагүй л байна. Монголын түүх, нүүдэлчин ард түмнүүдийн мянга мянган жилийн түүх өмнөд хөршийн хэл бичгээр л байдаг. МТӨ209 онд Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийг анх удаагаа нэгтгэн тулгар төрийг байгуулсан Хүн гүрэн, хүннүчүүдийн түүхийг тэр цагийн хятадын бичээч сударчид халуун мөрөөр нь зэрэгцэн бичиж үлдээсэн байдаг. Тэр цаг үеэс өмнөх мянган жилийн Хятадын түүх бичлэгт ч бидний өвөг дээдэс – Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булш, Хиргисүүрийн соёлыг бүтээгч ард түмнүүдийн түүх намтар тэмдэглэгдэн үлдсэн бий.
Зарлигт нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх тухай дурдсан. Энэ 30 ботийг бичихэд хэдэн зуун, хэдэн мянган жилийн туршид хятад хэл бичгээр бичигдсэн нэгдүгээр эх сурвалжуудыг үндсэн судлагдахуун болгон ашиглахгүйгээр бүтэхгүй.
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхэн том ойг угтан Монголын түүхийн 6 боть бүтээл хэвлэгдсэн. Энэ бүтээлийн эртний түүхийн хэсэг нь үнэндээ шинэ сэргэг болж чадаагүй, өмнөх үеийн түүхчдийн хийсэн судалсан дээр нэмж баяжуулаагүй, тэртээх 1980-аад оны үед нэрт түүхч ак.Ч.Далай, Н.Ишжамц, Г.Сүхбаатар, Л.Жамсран, Ж.Чимидцэрэн нарын бүр далаад оны үед судалж бичсэн нь л хэвээрээ явж байсан. Шуудхан хэлэхэд, дээрх багш нар маань бидэнд зааж байсан хичээл, лекцүүд тэр хэвээрээ, нэмэгдсэн, шинэчлэгдсэн юмгүй байсныг тэр үед ч, хожим хойно ч шүүмжлэн хэлэлцсээр л байдаг юм. Энэ удаад бид өөрөөр хандахгүй бол, ахмад үеийн тэдгээр түүхчдийн хийсэн бүтээсэн дээр тулгуурлан нэгдүгээр эх сурвалж руу улам ярган орж шинэ судалгааны үр дүнг тусгахгүйгээр 30 боть түүхийг бичиж болохгүй. Ганц жишээ дурдахад, 1959 онд нэрт эрдэмтэн др.Хөдөөгийн Д.Пэрлээ “Хитан нар, тэдний монголчуудтай холбогдох нь” гэдэг нимгэхэн боловч сайн ном бичсэн. Язгуурын монгол гэгддэг хитанчуудын тухай үндсэн, ерөнхий бөгөөд анхдагч судалгаа болсон тэр бүтээлээс хойш манайд Хитангийн түүхээр өөр ном бүтээл гарсангүй бүтэн жаран өнгөрчээ. Хитан судлалаар ажилладаг хүн хэд байгаа юм, бүү мэд. Тэд юу хийж байгаа юм, бүр ч бүү мэд. Гадныхныг харахад, Хитан судлалаар аанай ихийг хийсэн байдаг.
Орост, өрнөдөд, бас Хятадад. Манайд л алга. Энэ дашрамд дурдахад, миний бие 30 жилийн өмнө “Хитан нарын түүх” нэртэй ном бичээд, тэр үед Хүннүгийн сэдэвт голлож “Хүннүгийн түүх, соёл” номон дээрээ ажиллаж байсан тул хэвлүүлээгүй өнөөг хүрчээ. Одоо аль алийг нь хэвлүүлэх санаатай, дэмжлэг хүлээж сууна.
Хүннү, Дунху, Нирун, Сяньби, Түрэг, Уйгур, Киргиз, Зүрчид, Монгол, Манж Дайчин гүрэн гээд Төв Азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний байгуулсан төр улсуудын түүх хятад хэл бичгээр их бий. Тэр байтугай, Хүннүгээс өмнөх хэдэн зуу, мянган жилийн нүүдэлчдийн түүх ч Хятадын түүх бичлэгт багагүй бий. Тэр бүхэн бол нэгдүгээр эх сурвалж, анхдагч эх судлагдахуун юм. 13 дугаар зуунд монголчуудын байгуулсан дэлхийн эзэнт гүрэн, түүнийг үндэслэгч Тэмүүжин Чингис хааны намтар цадиг ч аанай л хятад хэл бичгээр бий. Чингис хааны намтар цадигийг хадгалсан гайхамшигт “Монголын нууц товчоон” хөлгөн судар ч хятад бичгээр бий. Тэр бүгдийг өөр хэлнээс дамжуулж биш, өрөөлийн хийсэнд дулдуйдаж биш, өөрсдөө бид гартаа барьж, тэмтэрч судлах ёстой. Тэгж гэмээнэ, 30 боть түүх гологдохгүй, шинэлэг, цаг үеийн шалгуурт нийцэх болно оо. Сүүлийн жилүүдэд манайд Чингис судлал, “Монголын нууц товчоон” судлалыг онцгойлон анхаарч, Төр засгаас, Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох зарлиг, шийдвэрийг гаргасан. Чингис судлал, “Монголын нууц товчоон”-ы судалгааг дотооддоо болон олон улсад идэвхжүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах чухал зорилт дэвшүүлсэн. Асуудлыг дэвшүүлснээр болчихдог юм биш. Хийх, хэрэгжүүлэх, суралцах, судлах олон жилийн, нөр их ажил бий.
Суралцах гэдэгт хүнээ сургаж мэргэжлийн боловсон хүчинтэй болох санаа агуулагдаж байгаа бол судлах гэдэгт нь эх судлагдахуунуудыг олж авах, орчуулж монголчлох, ном бүтээл бичих, үр дүнг нь албан ёсны түүх бичлэгтээ оруулж суулгах ажлууд багтана. Энэ тухай би олон жил олон удаа бичиж байгаа.
МНТ судлал бол түүнийг 1228 онд анхлан бичигдсэнийх нь дараачаас тун удалгүй эхэлсэн агаад тэр үеэс өнөөг хүртэлх 800 жилийн зузаан их эх сурвалж, судлагдахуун хятад хэл бичгээр тэмдэглэгдэн үлдсэн нь судалгааны маш том талбар юм. Тэр бүгдийг бид олж үзэж, орчуулж, судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ёстой. Чингэж гэмээнэ, сая Монголын түүх бичлэг хамгийн орчин үеийн шинэ сэргэг, үнэн зөв, бүрэн бүтэн болно. Чингис судлал, “Монголын нууц товчоон” судлал жинхэнэ утгаараа шинэ шатанд гарч, олон улсад, хүн төрөлхтөнд танигдана аа. Ингээд бодохоор “Монголын түүх судлал, Олон улсын Монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор дэмжих”-ийн тулд боловсон хүчин бэлтгэх нь зайлшгүй чухал, тэр тусмаа хятад хэл бичгийн мэдлэг боловсролтой мэргэшсэн түүхч бэлтгэх шаардлагатай байна. Мэдээж, Монголын түүх, Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх орос, англи, герман, франц, япон, солонгос хэлээр өчнөөн бий. Гэхдээ л тэд чинь нэгдүгээр эх сурвалж болох Хятадын түүх бичлэгийг л ашигласан, орчуулсан, судалсан байдаг. Өөрөөр хэлвэл, тэдгээр хэлээр байгаа нь хоёрдахь эх сурвалж, дам судалгаа юм. Үүнтэй холбогдуулан хэлэх гэсэн өөр нэг зүйл бол “Монголын нууц товчоон” бичигдсэн жинхэнэ оныг тогтоон албажуулах явдал мөн. Энэ тухай би урьд өмнө ч хэлж, бичиж ирсэн. Одоо ч дахин дурдмаар байна. Яагаад гэвэл энэ маш чухал юм. “Монголын нууц товчоон” хэмээх монгол үндэстний их хөлгөн түүхийг өнөө хэр нь манайд ч, дэлхий дахинд ч 1240 онд бичигдсэн гэж үзсээр байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд түүнийг 1228 онд бичигдсэн гэж ихэнх эрдэмтэд үздэг болсон, Монгол судлалын хүрээнд бараг хэвшиж тогтоод байгаа. “Монголын нууц товчоон” бичигдсэний 800 жилийн түүхэн их ой ойртон ирж байна. Энэ ойг бид 2040 онд тэмдэглэх үү, эсвэл 2028 онд тэмдэглэх үү? гэдэг шийдэл бидний өмнө тавигдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудлыг анхааралдаа авч, нэг тийш болгох биз ээ. Монголчууд социализм, коммунизмаасаа салаагүй байсан 1989 онд гаднаас, ЮНЕСКО-гоос бидэнд сануулж 1990 онд “Монголын нууц товчоон”-ы 750 жилийн ойг дэлхий дахинаа, түүний дотор Монголд нижгэр тэмдэглэсэн. Одоо харин гаднаас бидэнд энэ тухай дахиж сануулахгүй байх. Тэгэх шаардлага ч байхгүй. Одоогийн асуудал бол цэвэр Монгол судлалын асуудал юм. Монголчуудын дотоод асуудал юм. Монголын төр засаг, эрдэс шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид мэдэх асуудал. Үүнийг даруй шийдэхгүй бол, гадаад улс оронд биднээс түрүүлээд шийдчихэж мэднэ. Биднээс урьтаад өмчилж, өөрийн болгочихож мэднэ… Тэр байтугай, “Монголын нууц товчоон” монгол хэлээр бичигдээгүй, уйгаржин монголоор бичигдээгүй, хятадаар бичигдсэн, дөрвөлжин үсгээр бичигдсэн, 1252, 1264, 1276, тэр байтугай бүр 1324 онд бичигдсэн гэх мэтийн тэнэж төөрсөн үзэл таамаглал ч байсаар байдаг.
Тэр байтугай, “Монголын нууц товчоон”-ы монгол эх нь үнэ цэнэгүй, яагаад гэвэл монгол эх нь байхгүй, хоосон, харин хятад эх нь үнэ цэнэтэй, яагаад гэвэл хятад ханз үсгээр буулгасан тэр эх нь бодитой байж байна” гэсэн үзэл, байр суурь ч байдаг.
Бас тэр байтугай, Чингис хаан монгол хүн байгаагүй, цэнхэр нүдтэй шар үстэй, цагаан арьстан байсан, хятад, орос, казах, солонгос… хүн байсан, тэдний нэг бага ястны баатар… гэх мэтийн эздийлэх гэсэн түрэмгий үг яриа ч байсаар байна. Гэтэл үнэндээ энэ номоос ядаж ганц орос үг, хоёр солонгос үг, хятад үг хэллэг, хасаг өгүүлбэр хайгаад ч олохгүй нь үнэн билээ. “Монголын нууц товчоон” бол гарцаа байхгүй монгол хэлээр, монгол бичгээр бичигдсэн “Монгол үндэстний Библи” мөн. Цаашилвал, зарлигт бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож, эх түүхээ судлан шинжилж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрт уриаллаа. Энэ бас маш чухал зүйл, цаг үеэ олсон уриалга гэж үзэж байна. Өнөөдөр нийгэм солигдож, цаг өөрчлөгдөж, түүнийг дагаад хүмүний сэтгэлгээ, аливаад хандах үзэл, хандлага бүхэлдээ өөрчлөгдөж байна. Хүүхэд, залуучууд эх түүхээ, эх хэл соёлоо сурч мэдэх, өвлөж тээх талаар огт өөр хандлагатай болжээ. Хүүхэд, залуучууд гэлтгүй, ихэнх хүн өнөөдөр эх түүхээ, эх соёлоо үл тоомсорлож, үеэ өнгөрөөсөн, хэрэггүй юм гэж үзэх болжээ. “Улиг болсон үүх түүхээ орхи, Чингис гэж залхтал ярьж байна, түүх яриад хөгжсөн нь хаа байна, зөвхөн урагшаа хар,…” гэх зэрэг үг өгүүлэл, үзэл бодолтой хүн өнөөдөр олон болж, сошиалаар багтаж ядан шавж байна. Энэ л бидэнд хамгийн их урхагтай, Монголыг монголоор нь байлгахын эсрэг, Монгол Улс, монгол үндэстэн мөхөлгүй мөнхөд оршин байхын эсрэг ноцтой хор хөнөөлтэй. Дунд сургуулийн сурагчаас “Хамгийн дургүй хичээл нь юу вэ?” гэхэд “Түүхийн хичээл” гэж хариулж байна. Цааш нь нэмээд “Монгол хэл, Уран зохиол” гэж хэлж байна. Халаглалтай, харамсалтай гэхэд даанч багадна. Бидний хойч үе ийм болж өсч байна. Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Бүр тодруулбал, аюулгүй байдлын дархлаа, оршин тогтнохуйн баталгаа хэмээх хоёр үндсэн ойлголт байдаг. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Дээр дурдсан дархлаанууд бидэнд ямар байна вэ?
Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3.5 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршихуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай ч шуудхан хэлэхэд монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш.
Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлого хэрэгжүүлэхгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна. Үүнээс ургуулан дараачийн зүйлийг дурдахад, “Монголын нууц товчоон”-д гардаг бүх газар усны нэрс нийт 187 байгаа бөгөөд тэдгээрийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх газар усны нэрс 97, ОХУ болон Европын улс орнуудад 38, өмнөд хөрш БНХАУ-ын нутаг дэвсгэр дээрх газар усны нэрс 57, түүний дотор Өвөр Монголын нутаг дэвсгэр дээрх газар усны нэрс 26 байна гэдэг судалгаа бий. Үүнээс үзэхэд, энэ агуу их судар бичигдсэн үндсэн газар нутаг нь өнөөгийн Монгол Улсад байж байна. Монгол дотроо Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт их түүхийн арилшгүй хуудсууд бичигдсэн олон газар ус бий. Тийм ч учраас Эрээнцавын эвдрээгүй найрагч гэгдсэн
Д.Нямсүрэн нэгэнтээ:
Марал мичид гудайх шөнийн тэнгэрээд бөрт чоно улих цаглашгүй, Манхайн цайх үүрийн туяанд Манжуурын толгод ногоорох цаглашгүй, Гоо марал тэнгисээс ирж Дэлүүн болдогт хужирлах цаглашгүй, Долоон зуун жил туж солонго татах Бурхан халдун уул цаглашгүй… гэж дуулсан буй заа. Бас Дорнын их найрагч Явуу нэгэнтээ:
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би.
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би… гэж шүлэглэсэн буй заа.
Тэртээх домог түүхийн манан будан дунд сүүмэлзсэн 7-р зуунаа Бөртэ чоно, Гоо марал хоёр ирж нутагласан Бурхан халдун хайрхан, 1162 онд Тэмүүжин хөвгүүн мэндэлсэн Ононы Дэлүүн болдог, 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн Хар зүрхний Хөх нуур, Их Монгол Улсыг байгуулж, Чингис хаан цол хүртсэн, хожим нь “Монголын нууц товчоон” бичигдсэн Хэрлэнгийн Хөдөө арал, цатгалан могой шургах завсаргүй Ононгийн шугуй, Монголын агуу түүхийн домогт их мөрөн Хэрлэн,… их түүхийн гэрэлт хуудсууд болсон олон олон газар ус чухам Хэнтийд бий. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ? гэхүл, хүний нутагт их эзэн хааны алдар нэрээр олон улсын аялал жуулчлалын аварга том цогцолбор байгуулаад сая сая жуулчин авч байхад яагаад бид Хэнтий нутгийг тийм болгож чадахгүй гэж? гэсэн адбиш нэгэн бодол сэтгэлийн гүнд оршсоор байдаг юм аа.Өнөөдөр Хэнтийд их бүтээн байгуулалт өрнөж байгаа, нэмж хийх юм ч их байгаа. Хэдэн эсгий гэр хавар барьж, намар буулгадаг гэр баазууд биш, олон одтой зэрэглэл өндөртэй, тохилог сайхан зочид буудлууд тэнд хэрэгтэй. Онгон байгалийг талхчин туучдаг олон салаа шороон зам биш, орчин үеийн нэгдсэн том засмал замын сүлжээ тэнд хэрэгтэй, дэлхийн түүхийг бичилцсэн агуу их үйл явдлуудыг харуулсан хөшөө дурсгалын цогцолборууд хэрэгтэй.
Төр засаг энэ зүгт анхаарч ихийг хийх хэрэгтэй, тэр хийх юмсын дотор соёл, урлагийн бүтээл, ном зохиол, хөшөө дурсгал, кино, дэлгэцийн бүтээлүүд байх ёстой. Энэ зүгт манай уран бүтээлчид ханцуй шамлан орох буй заа.
Миний бие “Монголын нууц товчоон”-ы ээдрээт, эмгэнэлт хувь заяаны тухай “Алтан дэвтэрийн эрэлд” нэртэй кино зохиол бичсэнээ төр, түмэнд дуулгахын ялдараа, дэмжиж хамтран ажиллахыг хүсэн учирлаж байна аа. Төр засаг, Соёлын яам 18 тэрбум төгрөгөөр хүүхэд залууст амиа хорлохын эсрэг агуулгатай кино үзүүлэх юм гэсэн. Өнөөдөр Монголын үрс тэгж их амиа хорлоод байгаа гэж үү? Үгүй. Харин түүнээс наана удам угсаагаа умартаж, эх түүхээ үл тоомсорлосон, харь хүйтэн сэтгэлгээтэй, “ойд төрсөн сармагчин” мэт хойч үе өсч өндийж байгааг олж хараасай. Монголын хэвлэл, телевиз, сошиалаар дүүрэн гадны зөөлөн хүчний бодлого зай завсаргүй “бөмбөгдөх” болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад мэдээ, гадаадыг сурталчлах контентийн тухай хууль журам, хэмжээ хязгаар бий болгомоор. Тэр бүхнийг харахаар гадаадад байгаа ч юм шиг, Монгол хүний оюун сэтгэхүйд чиглэсэн энэ их довтолгоонд бид хэр удаан тэсэх бол оо?
Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) зохиолч, орчуулагч Я.Ганбаатар
URL: