Ц.Даваасүрэнд “барьцаалагдаж” байвал Монголын чинь заяа тэр дээ!

b61dd5c1010e43bf3053c0023bb269ab08330aa5Тэрбээр 1964 онд Хөвсгөлийн Мөрөнд төрсөн, өдгөө 60 настай. Монгол Улсын хуульд зааснаар энэ жил тэтгэвэртээ гарах ёстой. Гэвчиг тэрбээр дахин дөрвөн жил Төрийн ордонд сууна. Учир нь, Хөвсгөлийнхөн Ц.Даваасүрэнг тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгосон. Үндсэндээ, Ц.Даваасүрэн 20 жил Монголын төрийн эрхээс барьж яваа нэгэн.

Атал Ц.Даваасүрэнгийн хөрөнгө орлого жилээс жилд өсч, эсрэгээрээ Хөвсгөл аймгийн өрсөлдөх чадвар урууджээ. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хөвсгөлд ядуурлын түвшин 28.4 хувьтай байгаа нь гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Нэг ёсондоо, Ц.Даваасүрэнгийн “таргалсан”, хөвсгөлчүүдийн “ турсан” яг тэнцэж байна. Гээд ямар ард түмэн байна, тийм л төр байдаг. Хоржоонтой нь, хөвсгөлчүүд хүртэх ёстойгоо л хүртэж байна.

Нэг.

Ц.Даваасүрэнгийн төр барилцсан он жилүүдэд, түүний оролцоотойгоор Монголын эдийн засаг, эрх ашигт нэн чухал олон төсөл гацсан, нурсан. Багануур, Тавантолгойн цахилгаан станцын төслүүд, Дарханы арьс ширний үйлдвэр гэхчилэн дараагийн бай нь ураны буюу Зөөвч-Овоо төсөл.

Ямар ч тэнэг хөрөнгө оруулагчид АМНАТ нь есөн хувьтай улсад ашиг хийнэ гэж орж ирэхгүй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ураны суурь АМНАТ-ыг есөн хувь болгох санаачилга бол Монгол руу орж ирэх ам.долларын амсарыг боосон үйлдэл. Ц.Даваасүрэн “зөнөглөдөг” юм аа гэхэд Төсвийн байнгын хорооны гишүүд тэнэгэрч боломгүй.

Дэлхий дээр ураны нөөцтэй 13 улс байдаг. Монгол эхний 10-т багтдаг, баталгаажсан нөөц нь 192 мянган тонн, таамаг нөөц нь 1.3 сая тонн. Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх ураны 13 ордоос  нөөцөөрөө Зөөвч-Овоо нэгд бичигддэг. Эрдэс баялгийн зөвлөлөөс ордын нөөцийг В+В/бус/+С+С/бус/ зэрэглэлийн хүдрээр 67,7 мянган тонн, ураны дундаж агуулгыг 0,023 хувиар тооцож, Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэж авчээ. Энэ орд дээр  Францын “Орона”-тай компанийн хөрөнгө оруулалтыг татаж чадах эсэх нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төв байна.

Дэлхийд уран олборлолтороо тэргүүлэгч таван улсаар Казахстан, Австрали, Намиби, Канад, Узбекистан нэрлэгддэг. Казахстан улсын зургаан хувийн АМНАТ авдаг бол Канад, Нигери, Австрали таван хувь,  харин Узбекистан найман хувийн АМНАТ авдаг аж.

ЗХУ-ын үед Казакстан, Монгол нь Кремлиэс де-факто болон де-юре хамааралтай явж ирсэн. Ерээд оны эхээр хоёр улс нэг гараанаас нэгэн зэрэг эхэлсэн ч Казакстаны нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган ам.доллар, Монголын нэг хүнд ногдох ДНБ нь таван мянган ам.доллар байна. Казакстаны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн нууц нь ураны зах зээлд том тоглогч болсонтой холбоотой. Тиймээс Зөөвч-Овоо төсөл урагшилж чадвал Монголын эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлнө гэдгийг захын чавганц бараг гадарлахтайгаа юм.

Атал манай улстөрчид “уран, шар нутаг, цөмийн хог хаягдал, Орона, Нигер” гэх мэт 10 жилийн сурагчдын физикийн хичээлийн хэмжээний ойлголттой, асуулттай сууж байгаа нь эмгэнэлтэй.

Чуулганы хуралдааны явцаас харахад манай парламентын гишүүд төслийн эдийн засгийн үр ашиг, эрчим хүчний салбарт үзүүлэх нөлөөлөл, шилдэг технологийн дэвшил, дэлхийн эдийн засгийн хандлагын талаар ярьж, асууж буй нь тун цөөн. Дийлэнх нь цөмийн хог хаягдал, шар нунтгаас айж ичсэн хүмүүс. Тэгж ярих юм бол цөмийн хог хаягдлыг зэр зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг, асар үнэтэй бүтээгдэхүүн болсон. Монголчууд гуйлаа ч цөмийн хог хаягдлаа авч чадахгүй.

Парламентын гишүүдийн хэлж, ярьж буйг харахад ямар азаар 2009 онд Оюутолгойн гэрээ зурагдсан юм бэ гэмээр. Хэрэв 15 жилийн өмнө Оюутолгойн гэрээ зурагдаагүй байсан бол одоо Ц.Даваасүрэн, Э.Болормаа, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын амны бай болох байсан ч биз.

Монголд ашигтай төсөл болгоныг жадлан зогсоож, үндэсний эрх ашгийг үргэлж эсэргүүцдгээс нь харвал Ц.Даваасүрэн Кремлийн гар хөл үү, Бээжингийн төсөл үү?! гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан тэр Монголыг алтан дээр суусан гуйлгачин хэвээр үлдээх ашиг сонирхолтой нь илтэд харагддаг.

Ийм хүнд МАН өртэй байж болох ч Монголын ард түмэн өргүй. Тэгэхээр Ц.Даваасүрэнгээс айвал ёстой Монголын заяа чинь тэр юм. Халхын заяа нь монголчуудыг хаячихжээ гэж ойлгох хэрэгтэй.

Хоёр.

Камерын өмнө эх орны эрх ашиг ярьж, камерын ард хувийн эрх ашгаа худалдаж иддэг улстөрчид Монголд цөөнгүй. “Эх оронч” гэх үгний ард нуугдсан адгийн шаарууд Ардын намд ч, Ардчилсан намд ч олон. Тэдний нэг нь мэдээж Ц.Даваасүрэн.

Тохуутай нь, “2024 онд өвлийн цагаар хязгаарлалт хийхэд хүрнэ. Учир нь, шинэ  эх үүсвэр нэгийг ч бариагүй” гээд матрын нулимс унаган суусан тэрбээр Монголын эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг явж ирсэн нэгэн.

Эрчим хүчний сайд болсныхаа дараа Тавантолгойн цахилгаан станцын төслийг зогсоосон нь гадны захиалгатай гэдэг нэн ойлгомжтой болсон.  Монголын Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулсан байдаг. Төслийн  хөрөнгө оруулагчаар Японы “Марубени”, Монголын “MCS” шалгарсан. Гэрээнд зааснаар хөрөнгө оруулагчид эрсдлээ өөрсдөө даах, нэг тэрбум ам.долларын 30 хувийг нь хөрөнгө оруулагчид, 70 хувийг нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас босгохоор тусгасныг Ц.Даваасүрэн болиулсан нь Хятадын ч захиалга байж мэднэ. Оюутолгой жил болгон 120 сая ам.долларын цахилгаан, эрчим хүчийг урд хөршөөс худалдаж авдаг гэвэл шүү дээ.

Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байхад гацсан эрчим хүчний төслүүдийн нэг нь Шивээ-Овоогийн цахилгаан станц.  ИБУИНХУ-ын “M Power LLC” компани Шивээ-Овоо дээр 750 МВТ цахилгаан станцыг өөрийн хөрөнгөөр барих асуудал бас таг болсон. Нэг кВт-ынх нь үнэ 0.069 ам.доллар, нийтдээ гурван жил буюу 2017-2020 оны хооронд барьж ашиглалтад оруулах, мөн цахилгаан станц түшиглэсэн хүлэмж барьж өгье гэсэн хөрөнгө оруулагчдаас юу нэхээд үргээчихсэнийг мэдэхгүй. Ямар ч байсан энэ төсөл хэрэгжээгүйг харахад Ц.Даваасүрэн бол гарцаагүй гадны гар хөл мөн харагддаг, хардагддаг.

Энэ бүгдээс харахад Ц.Даваасүрэн Монголын эдийн засаг, монголчуудын ашиг орлогыг бодсондоо ураны суурь АМНАТ-ыг есөн хувь болгох гэсэн юм биш. Ард нь заавал хувийн эрх ашиг, албан тушаалын наймаа явагдаж байгаа. Төсвийн байнгын хорооны даргаар түүнийг томилох үед л МАН-ын дарга нар Ц.Даваасүрэнгийн амыг таглах гэсэн зорилготой болох нь тодорхой байсан.

Түүнээс Ц.Даваасүрэнгээс  илүү төсөв, мөнгө мэддэг хүн МАН-д зөндөө бий. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гарц ирсэн Ц.Даваасүрэнгийн бяслагийн үйлдвэр бол түүний “улсын мөнгийг уйлуулж ирсэн” нэг жишээ төдий. Улсын мөнгө уйлдаггүй гэж улстөрчид эндүүрдэг.

Галзуу хүнд хутга бариулах аюултай гэдэгчлэн Ц.Даваасүрэнд Төсвийн байнгын хороог өгдөг нь анхнаасаа буруу томилгоо байсан. Төсвийн байнгын хорооны дарга Монголын эдийн засгийг хууль, шүүхтэй нь атгах эрх мэдэлтэй хүн шүү дээ. Шүүх засаглалын төсвийг нэмэх, хасах эрх нь Ц.Даваасүрэнд бий, энэ эрх мэдлээрээ түрий барьж хууль шүүхийг базахаас сийхгүй.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг атгачихсан түүнийг өндөр насны тэтгэвэрт нь байг гэх нь улс төрийн тэтгэвэрт суулгах цаг болжээ. Түүний араас Э.Болормаа гэж эдийн засгийн “алуурчин” төрж байгаа нь бас эмгэнэл юм даа.

https://news.mn/r/2764048/


URL: