Сангийн сайдын хоёр үзүүртэй үг

158631885_3962961327089204_1878663176386572928_n_(1)Cангийн сайд Б.Жавхлан Засгийн газрынхаа 14 мега төслөө үгүйсгэсэн зүйл ярьсан.

2024.11.08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ”ХҮН, АН, МАН нийлээд залилан хийж байна. Тэр тусмаа жагсаалтаар орж ирсэн шинэ хүмүүсээ дарамталж байна. Хэзээ төсвөө ингэж баталж байсан билээ. Тодотголтой холбоотой Засгийн газрын байр суурь ямар байгаа юм бэ” хэмээн асуусан.

Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан ”Төсөв өргөн бариад 70 хонож байна. Өмнөхөөсөө нэг сарын өмнө өргөн барьсан. 14 мега төслөө явуулъя, ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэе гэдэг зорилготой. 14 мега төслөө явуулахын тулд бид маш олон зүйлээ хойш татсан. Энэ удаад 500-600 биш 38-хан шинэ төсөл орж ирсэн. Хуулийн зөрчилгүй бол тодотгохыг эсэргүүцэхгүй. Гэхдээ 14 мега төсөл л наанатай цаанатай болж ирэх байх. Нэг хүнд ногдох үндэсний орлогоо 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг зорилго нэлээн хойшлох байх” гэсэн.

Далд утгаараа Засгийн газрынхаа амбиц болох мега төслүүдийн зардлаас л хөдөлгөөнд оруулах тухай хоёр үзүүртэй үг юм.

2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр тусгасан.

Гэхдээ 14 мега төсөл нь өндөр төсөвтэй хэдий ч, зөвхөн зураг төсөл, ТЭЗҮ хийх зардлыг гаргаж буй. Үүний 484 тэрбум төгрөгийг төсөвт  суулгасан. Ихэнх төсөл хөтөлбөрүүдийг гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хийх төлөвтэй.

Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна” хэмээсэн билээ.

У.УЯН

https://eguur.mn/548834/


URL: