Физикчид лазер туяаны “сүүдрийг” анх удаа олж харжээ
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /TASS/. Лазер туяа нь тодорхой нөхцөлд гэрэлтэй үйлчлэлд орох үедээ сүүдэр үүсгэх чадвартай тунгалаг бус объект шиг болдог гэдгийг Америк, Канадын физикчид тогтоожээ. Лазер туяаны “сүүдэрний” анхны зураг болон эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл шинжлэх ухааны “Optica” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
“Гэрлийн долгионууд хоорондоо огтлолцон өнгөрөх ёстой тул лазер туяа сүүдэр тусгаж чадахгүй гэж өмнө нь бид үздэг байсан. Сүүдрийн мөн чанарын талаарх бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсөн оптикийн эсрэг тэсрэг эффект байдгийг бид нээсэн. Энэхүү нээлт нь шинэ төрлийн гэрлийн унтраагуур, гэрлийн хөдөлгөөнийг хянах технологийг боловсруулахад тус дөхөм болно” гэж АНУ-ын Брукхавен үндэсний лабораторийн судлаач Рафаэль Абраао ярилаа.
Эрдэмтэд гэрэл ба материйн шугаман бус харилцан үйлчлэлийг судлах явцдаа ийм нээлтийг хийсэн байна. Хоёр ба түүнээс дээш тооны гэрлийн бөөмс бүхий атом ба материйн бусад бөөм нэгэн зэрэг харилцан үйлчлэлд орох үед үүсдэг гэрлийн ер бусын үзэгдлийг физикчид шугаман бус харилцан үйлчлэл гэж нэрлэдэг. Шугаман бус гэрлийн эффектүүдийг гэрлийн цацаргалтыг нэмэгдүүлэх, мөн квант төхөөрөмжүүдийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэдэг.
Бадмаараг болор ба ногоон, цэнхэр гэрлийн туяа хоорондоо шугаман бус харилцан үйлчлэлд орсноор ногоон туяа нь цэнхэр лазерын цацрагт харагдахуйц “сүүдэр” хаядаг болохыг Канад, Америкийн физикчид олж илрүүлжээ. Ногоон гэрлийн электронууд болон бөөмсүүд харилцан үйлчлэлд орж, болор доторх электронууд цэнхэр гэрлийн туяанаас фотоныг шингээж авснаар ийм “сүүдэр” үүсдэг аж. Улмаар цэнхэр лазер туяаны дотор ногоон лазераас туссан нэг төрлийн “сүүдэр” буюу харанхуй шугам үүсдэг байна. Энэхүү “сүүдэр” нь хүний нүд болон дижитал камерын матрицад тод харагддаг болохыг эрдэмтдийн хийсэн туршилт харуулжээ.
Гэрлийн энэ эффектийг гэрлийн хөдөлгөөнийг удирдах, гэрлийн ямар дохио орж ирснээс хамааран төлөв байдлаа өөрчилдөг оптик транзистор зохион бүтээхэд ашиглаж болно гэдгийг эрдэмтэд онцолж байна. Ингэснээр өндөр хүчин чадалтай лазерыг ажиллуулахад илүү тохиромжтой удирдлагын системийг зохион бүтээх, мөн орчин үеийн электрон бичил схемийн оптик хувилбарыг хөгжүүлэх ажлыг хурдасгах боломжтой.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: