УИХ санал хураах төхөөрөмжөө ч ажиллуулж чадахгүй болтлоо “ёроолдоо тулжээ”
Өнгөрсөн Баасан гарагт буюу 11-р сарын 8-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсан.
Энэ үеэр УИХ-ын дарга Х-ын дарга Д.Амарбаясгалан: ” УИХ-ын гишүүдээс төсвийн урсгал зардлыг танах ёстой гэсэн байр суурь гарч байгаа учраас УИХ болон Төсвийн байнгын хорооны зүгээс тогтоолын төслийг санаачилж, өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж батлаад төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр хэлэлцүүлэгдэнэ.Уг тогтоолын төслөөр 2025 оны төсөвтэй Монгол Улсын мөнгөний бодлого уялдаж байгаа эсэх, уг төсөвт УИХ-ын гишүүдийн шаардаж байгаачлан урсгал зардлыг бууруулах нөхцөл байдал байгаа учраас Төсвийн тодотголыг энэ ондоо багтаж хийх тогтоолыг Төсвийн байнгын хороо баталж байгаа.
Төсөв эцэслэн батлагдсаны дараа УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гараад Засгийн Газраас төсвийн тодотголтой холбоотой асуудлаар хамтарч ажиллана. УИХ-ын ажлын хэсэгтэй аудитын байгууллага болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтарч ажиллана.
Засгийн Газар, Сангийн яам батлагдсан төсөв дээр үнэлэлт өгч тодотгол хийх үндсэн шаардлагуудаа тодорхой болгож, энэ ондоо багтан, төсвийн тодотголыг өргөн барих зохицуулалт руу орсон.” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл УИХ улсын төсвөө муу нь муу, гэхдээ тодотгол хийчихье гэсэн тайлбартайгаар баталсан гэсэн үг.
32 жилийн түүхэнд ийм дампуу үйлдэл гарч байгаагүй аж.
Түүнчлэн бүхэл бүтэн Монгол Улсын 2025 оны төсвийг батлах гэж байхад УИХ-ын санал хураах төхөөрөмж ажиллуулаагүй тул гараар санал хурааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан харцаараа бүртгэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатарын үед D-Parliament-аас эхлээд олон цахим шилжилт хийсэн бол энэ парламент санал хураах төхөөрөмжөө ч ажиллуулж чадахгүй болсон байна. Ер нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль зөрчин, УИХ-ыг буруу удирдаж, тэр бүү зарим тохиолдолд огт байхгүй хуулийн зүйл, заалтыг санаанаасаа зохион уншиж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр нар өгүүлэх болсон. Иймээс ч албаар санал хураах төхөөрөмж ажиллахгүй байна гэж шалтаглан, гараар санал хураалгасан байж болохыг үгүйсгэх аргагүй.
Аль ч тохиолдолд чадавхий хувьд УИХ түүхэнд байгаагүйгээр “ёроолдоо тулж байна.”
Н.Отгон
URL: