“СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй бол хилийн хориг тавина”

soh

.00.Сүүлийн жилүүдэд барилга, орон сууцуудыг нүд ирмэхийн зуурт сүндэрлүүлдэг болсон. Орон сууцны хороололд амьдрах айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлагад нь нийцэх, тохижилт, тав тухтай орчин бүрдүүлэхэд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/  ажиллах ёстой. Харин оршин суугчдын ихэнх нь дээрх үйлчилгээг авч байгаа хэдий ч СӨХ-ийн мөнгөө төлдөггүйгээс болж бусад оршин суугчид болон ажиллаж буй хүмүүсийнхээ ажлыг хойш нь татдаг. Иймд оршин суугч иргэдэд СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй бол хилийн хориг тавих асуудал яригдаж байгаа юм.

Уг асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэх үеэр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталсан. Одоо “Сайн скор”, “Бүрэн скор” хэмээх хоёр компани зээлийн мэдээллийн санг хариуцах болсон. Тэд энэ санг шинэчлэн, иргэн, ААН бүрд зээлийн оноо олгож эхэлсэн. Банкууд, ББСБ-ууд зээл олгохдоо энэ санг ашигладаг.

Энэ хоёр компанийн нэг нь Америкийн зээлийн оноо өгөх системийг сарын өмнө нэвтрүүлсэн. Ингэснээр усны, цахилгааны гэх мэт бүх төлбөр тооцоог иргэн хэзээ төлснийг бүртгэн, оноожуулна. 300 буюу хамгийн муу оноотой, санхүүгийн сахилга батгүй иргэний хилээр гарах эрхийг хязгаарладаг болно” гэж мэдээлсэн.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэний Америкийн зээлийн оноо өгөх систем болоод СӨХ-ийн асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.

-СӨХ-ны хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилтын хүрээнд манай яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай 15 бүлэг, 84 зүйл бүхий хуулийн төслийг дагалдах 16 хуулийн төслийн хамт боловсруулан танилцуулж байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хувьд 2003 онд батлагдсан, нийт 21 зүйлтэй хууль. Энэ хуулийн хувьд өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм.

Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмент, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан.

Иргэд ажил хийж, зээл авч, хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авдаг, насан туршийнх нь хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлдэг. Гэтэл хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж үнэ цэнэ нь унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад, харж хамгаалаад явбал үнэ цэнэ нь унахгүй, бүр өсөх ч боломжтой.

-Америкийн зээлийн оноо өгөх систем ямар журмаар явагддаг вэ. Дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-АНУ-д иргэд регистрийн дугаар, төрсөн он сар, файко буюу санхүүгийн хариуцлагын оноогоо цээжлээд явж байхад  бүх бүтээгдэхүүн үйлчилгээ авч болдог. Энэ нь дэлхийн туршлага болсон. Бид 600 хүртэл оноо өгч эхлэх юм. Өмнө нь манай зээлийн мэдээллийн санд банкны зээлээс гадна банк бус , үүрэн телефон , цахилгаан дулаан усны мөнгө гэхчилэн  бүх мэдээлэл цуглаад  хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй бол хар жагсаалтад орсон ороогүй гэх байдлаар ордог байсан. Онооны системд шилжсэнээр жагсаалт гэх юм байхгүй болж, хувь хүн бүр оноо цуглуулна. Онооны систем хэрэгжээд эхлэхээр хамгийн өндөр оноотой нь хөнгөлөлттэй , бага хүүтэй  зээл авна.  Бага оноотой санхүүгийн сахилга батгүйг нь бүр улсын хилээс гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авдаг олон улсын туршлага байна. Хуучин хууль арваад жил болсон гэдэг утгаар хуулийг илүү сайжруулах  шинэчлэх шаардлагатай. Ирэх онд зээлийн мэдээллийн сангийн шинэчилсэн найруулгын тухай хуулийг өргөн барина.

-Ер нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу байдаг юм бэ?

-Хууль, эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө, санхүүгийн хуримтлал муу, хүний нөөцийн чадавхын асуудал юм даа. Тэр дундаа ажилчдыг чадавхжуулах, цалин, урамшууллын асуудал байна.

Нийслэлийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамаатай 5,360 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, орон сууцны байшингийн орчны газрыг бусдад эзэмшүүлсэн тухай маргаан дийлэнх хувийг эзэлж байна.

Уг хуулийн төсөлд, хоёр талын санал гомдол ихээр ирдэг асуудлын тухай тусгажээ. Тодруулбал,

  1. СӨХ-ны үйл ажиллагааны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид буюу оршин суугчдад хүлээлгэх хариуцлагын талаар.
  2. Оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолтой байх эрх зөрчигддөг тухайд,
  3. СӨХ нь оршин суугч, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах боломж хязгаарлагдмал. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах боломжгүй талаар,
  4. СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг заалтуудаг хуулийн төсөлд өргөн барьжээ.

М.АГАР

https://eguur.mn/540463/


URL: