Б.Өсөхбаяр: Телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр 112 сая төгрөг залилсан хэрэг гарсан

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай цахим залилангийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед цахим залилан ямар платформоор дамжин үйлдэгдэж байна?

-Хэдэн жилийн өмнө хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд давамгайлдаг байсан бол одоо гэмт хэргийн шинж байдал нь өөрчлөгдөж, иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахимаар залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Залилах гэмт хэргийн арга илүү хүний сонирхол татах хэлбэрт шилжсэн. Телеграм, Тik Тok, We chat, Whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Ингэхдээ залилагч этгээдүүд бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг. Хэрэв иргэдэд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгаж дараагийн үйлдлээ хийхийг зөвлөж байна.

-Хамгийн түгээмэл цахим залилангийн талаар жишээ дурдаж болох уу?

-Садар самуун сурталчилсан зураг, бичлэг илгээнэ гээд хураамжаар мөнгө урьдчилан авдаг этгээдүүд байгаа. Цагдаагийн байгууллагаас устгуулах арга хэмжээ авахын зэрэгцээ цахим группүүд ч өөрсдөө устгаад байдаг болохоор багасчихсан. Гэхдээ байсаар л байна. Мөн хуурамч онлайн худалдаа газар авч байна. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарна гэсэн зарын доор иргэд утасны дугаараа тавьчихдаг шүү дээ. Ингээд дугаар руу нь хөндлөнгөөс залилагч холбогдоод “Урьдчилгаа төлж захиалгаа баталгаажуулна уу” гэх мэтээр ятган урьдчилгаа авдаг. Энэ мэт нэг удаагийн бараа худалдан авалтаар 200-300 хүнийг залилсан тохиолдол байдаг.

Үүнийг таслан зогсоохгүй л бол 200-300 хүн 2000-3000 болж өсөх магадлалтай шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр залилангийн тухай ярья л даа. Нэгэн иргэн телеграмаар бараа захиалаад 20 хувийг нь авна гэсэн зар, саналын дагуу Константин нэртэй хаягтай харилцаж нэр бүхий банкны гурван данс руу нийт 22 удаагийн гүйлгээгээр 31 сая төгрөг шилжүүлж залилуулсан. Мөн орон нутгийн нэг иргэн телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр нэр бүхий банкны дансууд руу олон удаагийн гүйлгээгээр нийт 112 сая төгрөгийг шилжүүлэн залилсан гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа хийж байна.

-Иргэн залилуулснаа мэдээд хамгийн түрүүнд хаана хандах ёстой байдаг вэ?

-102 гэсэн тусгай дугаар луу залгах, эсвэл өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад хандаж болно. Хэрэв хурдан шуурхай хандаж чадвал шилжүүлсэн мөнгөө барилт хийлгэх боломжтой. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт Шуурхай ажиллагааны төв ажилладаг. Тэр байгууллага Монголын банкуудын холбоотой хамтран газар дээр нь гүйлгээг нь хаах, дансыг нь царцаах, хэрэг бүртгэлтийн хугацаа дуусах хүртэл мөнгийг нь битүүмжлэх гэх мэт арга хэмжээ авдаг. Банкуудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь харилцан адилгүй байдаг учраас зарим банкууд 24 цаг, 72 цаг барилт хийх боломжтой.

-Цагдаагийн байгууллагад хэрэг нээж, шалгуулахын тулд хохирлын хэмжээ нь хэдэн төгрөг байх ёстой вэ?

-Залилангийн хэрэгт хохирлын хэмжээг харгалзаж үзэхгүйгээр хэрэг нээн, шалгаж эхэлдэг.

-Цахим залиланг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн байгууллагаас “Хянамгай бай” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бий. Үүний хүрээнд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар залилах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн данс барилтын ажлуудыг хийх гэх мэт томоохон ажлууд бодлогын хэмжээнд хийгдэж байна. Хажуугаар нь мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол хийж байна. Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын зүгээс нэг сард 50-иас доошгүй контент, масс мессэжийг иргэдийн гар утсанд нь хүргэдэг. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилладаг.

Энэ мэт цахим залилангийн эсрэг ажлууд тогтмол хийгдэж байгаа боловч нийгмийн байдлаас шалтгаалаад шинэ төрлийн залилан гарч, арга техник нь улам бүр нарийсч байна. Томоохон компаниуд бараа бүтээгдэхүүнээ онлайнаар зарж борлуулдаг болсон. Үүнтэй холбогдуулан томоохон байгууллагын нэр, логог ашиглаж залилан хийх тохиолдол гарч байна. Жишээ нь, улсын хэмжээнд томоохонд тооцогдох үүрэн холбооны оператор компанийн нэр, логог ашиглан цахимд ажлын зар оруулчихдаг. Ингээд иргэн анкет бөглөх гээд холбоос дээр нь дарахаар таны дугаар луу дөрвөн оронтой код илгээлээ, кодоо оруулна уу гээд цахим хаягийг нь хакарддаг. Тиймээс бид компаниудад албан ёсны цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргаж, ажлын зараа түгээж байхыг сануулдаг. Байгууллагуудын нэр хаягийг ашигласан цахим залилангийн ихэнх нь гадаадад сервертэй төвөөс халдсан байдаг. Үүнийг устгуулахын тулд Харилцаа холбооны зохицуулах хороотой холбогддог. Гэвч тухайн мэдээллийг фэйсбүүкт оруулахдаа илүү олон хүнд хүргэхийн тулд төлбөр төлсөн байдаг учраас устгах боломжгүй, хугацаа нь дуусахаар устгаж өгье гэсэн байр суурийг Мета компаниас илэрхийлдэг. Ер нь манай үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нэг сард дунджаар 100-200 гаруй хуурамч хаягийг хаах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлдэг. Фэйсбүүк компани зарим тохиолдолд хэрэглэгчийн нууцтай холбоотой гээд устгахгүй байх нь бий. Үүний улмаас олон хүн залилангийн хохирогч болж байна.

-Хохирогчид нь хэд орчим насны хүмүүс байдаг юм бол?

-Дийлэнх нь 24-39 насны хүмүүс байдаг. Энэ насныхан худалдан авалт хийх санхүүгийн боломж сайтай бөгөөд завгүй ажилладаг учраас хохирогч болох эрсдэл өндөр. Мөн орон нутгийн иргэд залиланд ихээр өртөж байна. Тэднийг ихэвчлэн захиалсан бараа бүтээгдэхүүнийг тань унаанд тавьж явуулна, гэрээсээ онлайнаар ажил хийх боломж байна, танилцах зар, цахим мөрийтэй тоглоом гэх мэтээр залилдаг.

-Орон нутагт цахим залилангаас сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

-ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зохион байгуулж байгаа арга хэмжээ, мэдээ мэдээллүүд орон нутагт хуваарийн дагуу хүрч байдаг. Харин сумд болон алслагдсан бүсэд амьдарч байгаа хүмүүст хүрэх хүртээмж тааруу. Хүн нэг бүртэй уулзаж зөвлөмж өгөх боломж харьцангуй бага. Тиймээс сум орон нутгийн удирдлагуудаар нь дамжуулан мэдээлэл хүргэж байгаа.

-Жилийн аль үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо өсдөг вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Бүх нийтийг хамарсан баяр ёслол, олон нийтийн арга хэмжээний үеэр өсөх хандлагатай байдаг. Мартын найманд гэхэд л цэцэг хүргэлт, бэлэг хүргэлтийн хуурамч үйлчилгээ гарч ирдэг. Олон улсын худалдааны сайтуудаас бэлэг дурсгалын зүйлийн зураг татаж аваад, түүнийгээ зарна гэж зар тавьдаг. Ингэхдээ шинэ онлайн шоп нээгдлээ, та захиалахыг хүсвэл урьдчилгаа төлнө үү гэх мэтээр залилж байна. Хохирогчдын дийлэнх нь цагдаагийн байгууллагад ханддаггүй. Хэдэн төгрөг залилуулсан ч заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаарай гэж иргэддээ уриалмаар байна.

-Цахим гэмт хэргийн өнөөгийн түвшин ямар байна?

-Он гарснаас хойш улсын хэмжээнд 10027 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь сард 1000 гаруй хэрэг бүртгэгдэж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт залилангийн 60 хувь цахимд үйлдэгдэж байна. Залилангийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол 318.4 тэрбум болж өмнөх оноос 70 гаруй хувиар өссөн.

-Цахим залилангийн хэдэн хувь нь илэрдэг вэ?

-Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн илрүүлэлт 34.5 хувьтай байна, урьд оны мөн үетэй харьцуулбал 831 нэгжээр буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна

-Залилсан этгээдэд ямар хариуцлага оноодог вэ?

-Гэмт этгээд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хэрэв буруутай этгээд байнга бусдыг залилж олсон орлогоо амьдралынхаа эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга буюу гишүүн элсүүлэх замаар залилан хийсэн мөн энэ үйлдлийг зохион байгуулалтад орсон гэмт бүлэг үйлдсэн нь тогтоогдвол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорино. Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянган төгрөгөөс 4 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ төрлийн гэмт хэрэг цаашдаа багасах болов уу. Үүний талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Дэлхий нийтээрээ цахим гэмт хэрэгтэй тэмцэж байна. Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэх тусам залилагчдын үйлдлийн арга нь улам нарийсах магадлалтай. Энэ гэмт хэрэг дэлхий нийтээр байгаа болохоор бид дийлэхгүй, тэмцэхгүй гэсэн ойлголт байхгүй. Бид залилагчдын шинэ аргуудын талаар мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, нэг хүнийг ч болов сэрэмжлүүлэхийг хичээж ажиллана.

-Цахим залилангаас сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Цахим ертөнцөд хянамгай болгоомжтой байхгүй бол залилах гэмт хэрэг өдөр өдрөөр өнгөө өөрчилж байна. Ямар нэгэн цахим хаягны ард хэн байгааг мэдэх боломжгүй учраас цахим орчинд түгээгдэж буй аливаа зар мэдээлэлд шүүлтүүртэй хандаж нягталж судлах, урьдчилж ямар нэгэн төлбөр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө цахим платформуудад хоёр шатлалт нууцлал бүхий тохиргоог хийх гэх мэт нууцлалын аргуудыг заавал хэрэглэх нь зүйтэй. Хэн нэгэн мөнгө зээлье гэсэн бол заавал утсаар нь холбогдож тодруулж асууж байгаарай гэдгийг хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА


URL: