Пауэрлифтингийн Азийн аваргаас манай улс 15 алтан медаль хүртлээ
Киргизстаны нийслэл Бишкек хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд 10 орны 300 орчим тамирчин өрсөлдөв. Энэ тэмцээнээс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт орлоо. Тэмцээний шилдэг тамирчин өргөмжлөлийг манай улсаас Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар хүртсэн байна.
Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурав, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Содномпилжээгийн тухайд хэвтээ шахалтын -120 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар алтан медаль хүртжээ. Энэ нь Э.Содномпилжээгийн 2024 оны олон улсын тэмцээний дөрөв дэх медаль бөгөөд тэрээр дэлхийн цомоос алт, мөнгө, “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн бол Азийн АШТ-ээс алтан медаль хүртлээ.
URL: