10-р сарын эхний хагаст цаг агаар ойр ойрхон муудаж, салхи шуурга ихтэй байх төлөвтэй
ЦУОШГ-аас 2024 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Аравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж /ОЖД/ нь Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6…+10°C, бусад нутгаар 0…+6°C дулаан байдаг байна.
Аравдугаар сарын агаарын дундаж температур 1979, 1982, 1990, 1995, 1998, 2001, 2005, 2006 болон 2008-2011, 2014, 2015, 2018, 2023 онуудад ОЖД–аас дулаан байсан бол 1980, 1981, 1986, 1987, 1992, 1994, 2000, 2002 онууад ОЖД–аас харьцангуй хүйтэн байсан байна. 20223 оны 10–р сард ОЖД-аас 5°С–аар дулаан байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн дулаан 10–р сар болсон бол 1981 оны 10–р сар нь ОЖД–аас 4.5°С–аар хүйтэн буюу түүхэн дэх хамгийн хүйтэн 10–р сар болж өнгөрсөн байна.
Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм ордог.
Аравдугаар сарын нийлбэр хур тунадас 1979, 1982, 1985, 1990–1991, 1993, 1996–1997, 2003–2005, 2015, 2017, 2020 онуудад ОЖД–аас бага байсан бол 1987, 1994, 1998, 2002, 2008, 2012–2014, 2016 онуудад ОЖД–аас ахиу хур тунадас орсон байна. 1987 оны 10–р сард нийт нутгийн дунджаар ОЖД–аас 10.2 мм–ээр их тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай сар болсон бол 2004 оны 10–р сард ОЖД–аас 4.7 мм–ээр бага тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн бага тунадастай 10–р сар болсон байна.
ЦУОШГ-аас 2024 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв:
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ын орчим (Зураг 5), хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Аравдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн хойд хэсгээр дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Ялангуяа сарын эхний хагаст цаг агаар ойр ойрхон муудах, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
URL: