Халдашгүй эрхэд халдагчид

Халдашгүй эрхэд халдагчидУИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг хэвлэлийн хурал хийх үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар биед нь халдаж, чанасан өндөг шидсэн явдал энэ долоо хоногт сон. Ойр зайнаас, хатуу өндөг хацар луугаа шидүүлсэн хэдий ч сайд түүнд гомдолгүй хэмээн мэдүүлжээ. Түүний чамархай хавьд улайж, хавдсанаас бусдаар зүгээр гэсэн юм байна. Цагдаагийн байгууллагынхан сайд болон даргаа хамгаалан “зодолдсон” хэвлэлийн төлөөлөгч нараас мэдүүлэг авсан, уг хэргийг шалгаж буй гэх. Гэвч өнөөдрийн байдлаар “өндөг шидэгчид” хариуцлага тооцсон юм алга. Уг нь ардчилсан улс оронд чиний эрх бусдынхаар хязгаарлагддаг. Засгийн газар, УИХ-аас гаргасан аливаа шийдвэр таалагдахгүй байж болно. Үүнийгээ зөвөөр, соёлтой илэрхийлэх эрх нь Монгол Улсын иргэн бүрд бий. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол бусдыг хэл амаар доромжилж, ёс зүйгүй, бүдүүлэг аашлахаас огт өөр ойлголт юм. Гэвч дурын нэгэн төрийн байгууллага руу дайрч ордог, хэнийг ч хамаагүй элдвээр доромжлон заналхийлж болдог. Үүндээ ямар ч хариуцлага хүлээдэггүй, ял шийтгэл авдаггүй. Техникийн давуу байдлаа ашиглаад ёс зүйгүй, бүдүүлэг авирлаж буйгаа шударга байна хэмээн андуурчихсан “галзуу лайвчин” улам олшров. Тэгэхээр УИХ-ын гишүүн болон “лайвчид”-ын хэн нь яг халдашгүй эрхтэй юм бол.

Өдөр нь бужигнуулсныхаа дараа А.Отгонбаатар нийгмийн сүлжээнд лайв хийж, үйлдлээ баталгаажуулжээ. Тэрбээр “Өнөөдөр би чиний толгой дээр өндөг хагаллаа, П.Наранбаяр аа. Маргааш харин толгой руу чинь юу ч шидэж, юу ч хийж магадгүй шүү. Чамаас ч, чиний хуулиас ч би айхгүй байна. Буу шударга ёс тогтоодог гэж еврейчүүд ярьдаг юм билээ” гэжээ. Мөн юу ч хийж магадгүй гэдэг үгээ хэдэнтээ давтаж, яамыг нь шатаана хэмээн сүрдүүлэв. Еврейчүүдийн хэмээн тодотгож байгаад татсан эшлэлээрээ тэр Боловсролын сайдыг буудна гэж заналхийлсэн гэсэн үг. Төрийн сайд, УИХ-ын гишүүн хүнийг олон нийтийн цахим сүлжээгээр ийнхүү ил тод заналхийлж буй хэрэг. Уг нь энэ албан тушаалыг нь Үндсэн хууль болон бусад хуулиар халдашгүй бүрэн эрхтэйг баталгаажуулж, хамгаалсан байдаг юм. Гэтэл А.Отгонбаатар хуулиас айхгүй байгаа нь түүнийг хамгаалах том ар бий гэсэн ойлголт өгч буй юм. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээс давсан хамгаалалтыг хэн эдгээр “галзуу лайвчин”-д өгөөд байна вэ.

Тэгвэл А.Отгонбаатар гэж хэн бэ. Тэрбээр 2017 онд Үнэн ба зөв хэмээх намыг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан нэгэн. Харин сонгуулийн дараа буюу өнгөрсөн долоодугаар сард тэрбээр ялалт байгуулж чадаагүйн хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа хариуцлагатай нарийн бичгийн даргадаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм байна. Гэхдээ Дээд шүүхийн цахим хуудсанд түүний нэр намын дарга, үүсгэн байгуулагч хэмээн бичээтэй хэвээр байна лээ. Юутай ч энд тэндхийн жагсаалаас түүнийг бид таньдаг болсон. Тухайлбал, “Ковид-19” цар тахлын үед нялх биетэй эмэгтэйг халдвар авсан байх магадлалтай хэмээн хүүхэдтэй нь хамт ид өвлийн хүйтнээр гэрийн шаахай, халаадтай нь ХӨСҮТ рүү зөөвөрлөснийг тэрбээр эсэргүүцэн талбай дээр жагсаж байсан юм. Адилхан гэрийн шаахай, халаад өмсөөд эх, хүүхдийн эрх ярихад нь иргэд түүнийг дэмжсэн. Уг асуудлаар “шалтаглан” У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэрбээр улс төрд хөл тавихын тулд жагсагч, тэмцэгчийн дүр бүтээхийг хүссэн нь энэ. Түүнчлэн “Монполимет” группийн захирал Ц.Гарамжавыг шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргахад нөгөөх нь баримт бүхий тайлбараа тавьж, няцаасан. Энэ мэтээр А.Отгонбаатарын үг, үйлдэл тэр бүр үнэмшилтэй байдаггүй. Харин ч захиалгаар ажиллаж буй мэт харагддаг нь нууц биш. 2021 онд УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших үедээ л тэр хэдийн огцом баяжсан байсныг хөрөнгө, орлогын мэдүүлэг нь илчилж, анхаарал татсан билээ. Одоо хуулиас үл айхаа мэдэгдэж, Боловсролын сайд руу дайрч буй ч өнөөх хардлагыг лавшруулна. Сайд нь гомдолгүй гэж мэдүүлсэн байж болох ч халдашгүй эрхтэй хүнд халдаж, хууль зөрчсөн үйлдэлд нь түүнд заавал хариуцлага тооцох ёстой. Ингэхгүй бол дураараа авирлагчид улам гаарна.

ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ НУУХ БАМБАЙ БИШ

Үндсэн хуулийн 29.2-т “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн заажээ. Боловсролын сайдад халдсан явдлын дараа гишүүн Г.Дамдинням “УИХ-ын болон Засгийн газрын гишүүн халдашгүй эрхтэй гэж хуульчилсан ч үүнийг зөрчсөн хүнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй” хэмээн бичжээ. Уг нь энэ зохицуулалтыг УИХ-ын тухай хуульд оруулах учиртай байсан бололтой. Энэхүү хуулийн зорилгыг “УИХ-ын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, парламентын үйл ажиллагааны журмыг тогтооход оршино” гэж тодорхойлсон байна. Гэхдээ ямар бүрэн эрхтэйг нь тоочиж, зөвхөн тухайн гишүүний үйлдэлтэй холбоотой асуудлаар хамгаалалт болгох заалтууд л оруулсан гээд хэлчихэд буруудахгүй. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 41.2-т “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт бий. Гишүүд байнгын хороо, чуулганы танхимд нэг нэгнийхээ “но”-г илчилж, элдвээр хэлсэн ч бурууддаггүй, хариуцлага хүлээдэггүй. Шинэчлэн найруулж баталсан хуулиар бол гишүүн байхаа больсон ч өмнөх хэлсэн үгэндээ насаараа хариуцлага хүлээхгүй аж. Харин тэр үгийг нь дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч буруудах эрсдэлтэй. Мөн УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг зөвхөн парламентын шийдвэрээр л түдгэлзүүлж болдог. УИХ-ын гишүүний гэр, албан өрөө, хамаарал бүхий объект зэрэгт хуулийн байгууллагынхан дураар нэгжлэг хийх эрхгүй. Тиймээс хэн нэг гишүүн аливаа гэмт хэрэгт нэр холбогдвол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах боломжоор хангах тухай хүсэлтийг Ерөнхий прокуророос УИХ-д илгээх учиртай. Үүнийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, улмаар холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганаар дамжуулан шийднэ. 30 гаруй жилийн түүхэнд уг дэд хороо цөөхөн хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, УИХ баталгаажуулж байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард “нүүрсний хэрэг”-ээр гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг парламентаас гаргасан байдаг. Энэ нь түүхэнд хоёр дахь тохиолдол болсон. Үүнээс бусад олон тохиолдолд УИХ гишүүдээ хамгаалан авч үлддэг байв. Тэгэхээр халдашгүй бүрэн эрх нь гэм буруутай үйлдлээ хаацайлах, нуугдах бамбай болдог гэсэн үг. Зөвхөн үүний төлөө олон “но”-той хүн УИХ-ын гишүүний суудлын төлөө үхэн хатан зүтгэдэг.

Уг давуу эрхийг буруугаар ашигладаг эл байдлыг өөрчлөх оролдлогыг УИХ өнгөрсөн жил хийх гэж үзсэн билээ. УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэх хэрэгтэй болсон юм. Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд халдашгүй болон бүрэн эрх гэсэн хоёр ойлголтыг зааглах тухай санал гарч байв. Гишүүн аливаа гэмт хэрэгт холбоотой гэж үзвэл дээр дурдсан нэгжлэг хийхийг хориглох хаалт болдог халдашгүй байдлыг нь түдгэлзүүлээд шалгана. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр үлдэнэ. Шалгуулаад гэмт буруутай нь шүүхээс тогтоогдвол бүрэн эрхийг нь УИХ түдгэлзүүлдэг байх зохицуулалт оруулахаар ярьж байсан юм. Гэвч дэмжлэг аваагүй бололтой. Халдашгүй бүрэн эрхийнхээ ард нуугдсаар байхыг олонх хүсэж буй тул ийм өөрчлөлт хийсэнгүй.

Онцгой бүрэн эрхийг УИХ ийм л байдлаар “ашиглаж” байна. Харин тэдэн рүү өндөг, гутал, оймс мэтхэнийг шидэх замаар халдах тухайд “тоож” авч хэлэлцдэггүй. Тиймээс ч хуульд ийм нөхцөлд ямар хариуцлага тооцох тухай оруулаагүй аж. Зөрчлийн, Эрүүгийн зэрэг бусад хуулиар арга хэмжээ авч болох ч энгийн иргэдээс ялгаатай, хуулиар хамгаалсан бүрэн эрхтэй хүнд тохируулсан онцгой шийдэл байдаггүй гэсэн үг. Одоогийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг 2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед салбарын шинэчлэл хийж буйг нь эсэргүүцсэн, “ална” гэсэн агуулгатай захидал ирснийг тэрбээр хуваалцаж байв. Хариуцлага тооцох тухай яриагүй, харин ч “Ийм утгатай захиа цаашид бүр ч олон ирэх биз” гэсхийгээд өнгөрсөн. Мөн 2016 онд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд руу намынх нь гишүүн Л.Наранбаатар оймсоо шидэн, эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Тэрбээр ч “Энэ мэт галзуу хүмүүс бас байдаг аа” гээд өнгөрсөн. Халдашгүй бүрэн эрхтэй хүмүүс рүү халдсан энэ мэт жишээ цөөнгүй. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө ч тоогоогүй ийм “хэнэггүй” хандлага нь өнөөдрийн Д.Мөнх-Эрдэнэ, А.Отгонбаатар нарын дураараа дургигч, “халдашгүй” эрхтэй хүмүүсийг бий болгочхож. Оймс нь буугаар солигдох үед л сая асуудлыг нөгөө талаас нь авч үзэх гээд хүлээгээд байгаа бололтой.

https://www.unuudur.mn/a/271322


URL: