Монгол Улс дайн самууныг зогсоож, зуучлагчийн үүргийг бүрэн биелүүлж чадах орон
Эргэн тойрны геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, хойд хөрш дайн самуунтай байгаа өнөө үед Монгол Улсын баримталж буй энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэзээ хэзээнээсээ үнэ цэнтэй болж байна. Энэ үзэл баримтлал сая ОХУын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийсэн талаар олон улсын түвшинд байр сууриа илэрхийлэхэд чухал нотолгоо боллоо.
Нэгэнт нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орон учир хэнийг урих, бусдад хор хөнөөлтэй бус бол ямар асуудал хэлэлцэх нь зөвхөн Монгол Улсын л хэрэг. Үүний зэрэгцээ төвийг сахиж аль нэг тийш хэлтийхгүй байх чиг шугам ч өнөө цагт бас хэрэгтэй байж мэднэ. Монголчууд эрт дээр үеэс бусдын эрх ашгийг хүндэтгэн үзэж төвийг сахижирсэн уламжлалтай. Бүр энгийнээр илэрхийлбэл “Улааныг харж урвахгүй, шарыг харж шарвахгүй” гэсэн ардын философитой явсан улс. “Өөрийн байр суурь дээрээ тогтвортой сууж, бусдыг дагаж урваж шарвахгүй ээ” л гэсэн үг. Төрийн бодлогодоо ч эртнээс бусад улс оронтой дайсагналцахгүй , эвийг эрхэмлэж , найрамдалт харилцаагаа хөгжүүлж, төв тогтвортой гадаад харилцааг явуулахыг эрхэмлэж ирсэн орон. Ардын засгийн анхны жилүүдэд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн “Манай улс гадаад харилцаандаа төвийг сахих бодлого баримтлах нь зүйтэй. Үлгэрлэвээс Швейцарь лугаа байвал зүгээр” хэмээн хэлсэн байдаг
Монгол Улс 1960- аад оны эхээр байгуулагдсан Эвсэлдүл нэгдэх хөдөлгөөнд идэвхтэй явж ирсэн улсын нэг. Цэргийн эвсэлд үл нэгдэх зарчим дээр дэлхийн 118 улсыг нэгтгэсэн тэрхүү том байгууллагад дэлхийн хүн амын 56 хувь багтдаг бөгөөд Монгол Улс ардчилал ялмагц 1991 онд түүнд гишүүнээр элсч, Дээд хэмжээний уулзалтад нь 2003 оноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд оролцсоор ирсэн билээ. Эвсэлд үл нэгдэх, өөрөөр хэлбэл, аль нэг эвслийг даалгүй төвийг сахих бодлоготой орнуудын эгнээнд Монгол Улс нэлээд хожим элссэн нь бас учиртай. Энэ хөдөлгөөнийг Энэтхэгийн Жавхарлал Неру, Египетийн Гамаль Абдел Нассер, Индонезийн Ахмед Сукарно, Югославын Иосип Броз Тито зэрэг өнгөрсөн зууны дунд үеийн улс төрийн нэртэй зүтгэлтнүүд санаачлан байгуулжээ. Тухайн цагт хүйтэн дайн оргилдоо хүрч, дэлхий ертөнцийн ихэнх нь АНУ, ОХУ гэсэн хоёр туйлд хуваагдаж байсан тул Монгол Улс хойд хөршөө дагаж байсан нь мэдээж. Харин энэ хоёр туйлыг дагасан эвслийн альд ч нэгдэхгүй төвийг сахисан орнууд энэ эвслийг байгуулж, гуравдагч ертөнц хэмээх төвийг сахисан хөдөлгөөн байгуулсан нь тэр.
Ардчилал ялж, Монгол Улс бие даан хөгжих эрх чөлөөгөө олж авмагц эдгээр эвсэлд үл нэгдэх орнуудын эгнээнд тэр даруй элссэн нь мөнөөх уугуул, төвч үзэлтэй нь шууд холбоотой гэж хэлж болно. Төвийг сахисан орон өөрийн үгээ хэлэх, үйлдлээ тайлбарлах эрхтэй гэсэн нэг лут зарчим бий. НҮБын энхийг сахиулах үйлсэд цэргээ илгээх, аль ч улсын зочид төлөөлөгчдийг хүндэтгэн угтаж, найрсгаар үдэх, хүмүүнлэгийн бусад үйл ажиллагааг ч бид явуулсаар байж болно гэдгийг үүгээр нотлох учиртай. Одоогийн байдлаар тууштай төвийг сахих бодлого бүхий 10 гаруй орон байдаг бөгөөд Австри, Ватикан, Ирланд, КостаРика, Лихтенштейн, Мальт, Финланд, Швед, Швейцарь, өмнөх зуунд бидэнтэй ижил системд байсан Туркменистан зэрэг орнууд энэ бодлогыг баримталж байна. Энэ бодлогын анхдагч нь Швейцарь бөгөөд бүр 1815 онд төвийг сахих статусыг тунхаглан, тухайн цагийн том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлснээс хойш 200 жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт дайн түрэмгийлэл гараагүй байдаг. Туркменистан Улс 1995 онд энэ статусыг авч, нутаг дэвсгэр дээрээ олон улсын байгуулллагуудын төвийг байгуулан, тэр хэрээр хөрөнгө мөнгө ч татаж байна. Монголд хэдийгээр Женев хот шиг олон улсын байгууллагуудын төв, салбар байгууллагуудыг өөртөө байршуулан нэр хүндээ өсгөх боломжгүй юм гэхэд маргаан зөрчилдөөнтэй улс орнуудын төлөөллийг зуучлан нутаг дээрээ уулзуулах, дайн самууныг зогсоож энхийн хэлэлцээ хийлгэх бүрэн боломжтой баян бүрд байж болно гэдгийг сүүлийн жилүүдэд идэвхжиж буй гадаад харилцаа, ирж буй өндөр дээд хэмжээний зочид гийчдийн айлчлалаас харж болно.
Дайнтай байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч, Гэгээн ширээт улсын Пап ч, тив тивийн орнуудын төлөөлөл ч Улаанбаатарт зочилж, энхийг сахигч, өөрийн үзэл бодолдоо тууштай, ардчилсан орон гэдгийг мэдэж мэдрээд буцаж байгаа билээ. Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа “Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг НҮБын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно. Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ. Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно” гэсэн нь ч дээрх айлчлалуудаар нотлогдож буй юм.
https://news.zindaa.mn/4xkw
URL: