Эрсдэл дүүрэн Улаанбаатар хотод даатгалгүйгээр амьдрах уу?
Гамшиг ослоос бидний олж авах сургамж
2024.01.25. Энэ бол нийслэлчүүдийн хувьд олон хүний амины үнэтэй сургамж үлдээсэн хар өдөр. Газ ачиж явсан автомашины ослын улмаас үүссэн дэлбэрэлтээр онцгой байдлын гурван алба хаагчаас гадна дөрвөн иргэн амь насаа алдаж, 88 айлын орон байр, 34 машин галд өртсөн. Гэвч өнгөрсөн хоёр сарын хугацаанд ослын буруутныг хайж цөхөрсөн иргэд яах учраа олохгүй байх энэ зуур олон нийт уг үйл явдлыг мартах тийш хандаж байгаа нь харамсалтай. Гэвч энэ бол мартаж үл болох маш том сэрэмжлүүлэг юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд бид минатай талбайгаас ялгаагүй эрсдэл дунд амьдарч байна. Орон сууцны хорооллууд, сургууль цэцэрлэг, үйлчилгээний төвтэй хаяа залган хэрсэн ШТС-ууд бол бас л том аюул.
Тэгвэл олон хүний амь нас, эд хөрөнгийн хохирол дагуулсан ослоос бидний авах гол сургамж бол хэлж биш, хийсэж ирдэг гамшиг аюулын улмаас үүсэх санхүүгийн хүнд цохилт. Иймд бид ямар ч үед бэлэн байж эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, хадгалж үлдэх хувь хүний болон гэр бүлийн онцгой байдлын төлөвлөгөөтэй байх нь чухал.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хуульчлагдан, хэрэгжиж буй ганц даатгалын бүтээгдэхүүн нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолоодох эрхтэй хүн бүр энэхүү даатгалд албан ёсоор даатгуулах ёстой бөгөөд суудлын авто машины жолоочийн төлөх жилийн доод хураамж нь 33,000 төгрөг. Нэг удаа машинаа угаалгах мөнгийг төлөөд жилийн турш тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг ач холбогдолтой даатгалд хамрагдчихаж байгаа нь энэ юм.
Даатгалын хураамжид авсан мөнгөнөөс тэрбум тэрбум төгрөг даатгалын компанид үлддэг гэсэн ойлголт иргэдэд байдаг бол үнэн чанартаа 2023 оны сүүлчээр даатгуулсан хүмүүсийн төлсөн хураамж тайлан дээр орлого болж бүртгэгддэг ч зардал нь 2024 ондоо гардаг нь энэ салбарын нэг онцлог. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны статистик үзүүлэлт нотолж байгаа буюу даатгалын компаниудын жилийн дундаж цэвэр ашиг нийт орлогынх нь 5% орчимд хэлбэлздэг байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр танд эрсдэл үүсэхгүй ч жилийн дараа үүсэж болох тул ирээдүйд учрах эрсдэлд зориулж хуримтлалын санг үүсгэж байдаг юм.
Зөвхөн 2023 оны есдүгээр сарын байдлаар л гэхэд улсын хэмжээнд авто ослын улмаас 103 хүүхэд амиа алджээ. Замын хөдөлгөөнд оролцох автомашин, жолоочийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ жолооч нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас ийнхүү иргэд зам дээр зорчиж байхдаа, машинд сууж байхдаа осолд орж эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл улам бүр нэмэгдсээр байгааг дээрх статистик харуулж байна.
Тэгвэл жолооч даатгалд хамрагдсанаар тухайн үед учирсан хохирлоо даатгалын компаниар төлүүлж байгаа бол иргэд амь нас, гэнэтийн ослын даатгалд хамрагдвал учирсан хохирлоос үүдэн өөрт ирэх санхүүгийн дамтаас сэргийлэх боломжтой байна. Тухайлбал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын бүтэн жилийн хураамж ердөө 33,000 төгрөг. Гадаадад зорчихдоо гэнэтийн ослын даатгалд 14 ам.доллар төлж хамрагдаад гадагш зорчсон Монгол Улсын иргэн Европт эрүүл мэндийн байдал нь гэнэт муудсаны улмаас 33,000 ам.долларын нөхөн төлбөрийг “Мөнх Даатгал” компаниас авсан бодит жишээ байна. Энэ бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цагт ямар том дэмжлэг, хамгаалалтыг даатгалын компаниуд хийж өгдгийн бодит жишээ.
Товчхондоо, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжид таны төлдөг 33,000 төгрөг бол жолоочийн даатгал гэхээсээ илүү замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд даатгалын компани даатгуулагчийн өмнөөс хохирлыг нь барагдуулдаг ач холбогдолтой даатгал юм.
Гэвч албан журмын даатгалыг хуулиар шаарддаг учраас жолооч нар хуулиа дагахаас аргагүйдээ даатгуулж байгаагаас биш сайн дурын даатгалд идэвх маш сул байдаг нь нийтлэлийн эхэнд дурдсан дэлбэрэлт болон өнгөрсөн зуны үерийн үеэр тод харагдсан. Албан журмын даатгалд 650,000 гаруй тээврийн хэрэгсэл даатгуулсан байдаг бол сайн дурын буюу автомашины даатгалд 2023 оны эхний хагаст л гэхэд 60,000 тээврийн хэрэгсэл хамрагдсаныг тухайн үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байв. Газ ачсан автомашины дэлбэрэлтэд өртөж хохирсон 34 машинаас зөвхөн гурав нь л тээврийн хэрэгслийн бүрэн даатгалтай байсан бол Дарь-Эх орчимд болсон үерт өртсөн 100 гаруй машинаас даатгалд хамрагдсан нь 10% ч хүрэхгүй байсан нь даатгалын талаар иргэдийн мэдлэг хомс, түүний давуу талыг ойлгож ойшоодоггүй, сайн дурын даатгалд бүр ч хамрагддаггүйн нотолгоо юм.
Түүнчлэн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” гэдэг шиг яагаад “Байгууллагын хариуцлагын албан журмын даатгал” гэж бий болгож болохгүй гэж. Жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас бусдыг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироогоод үлдээхгүйн тулд жолооч нарыг заавал хуулиар шаардаж даатгал авхуулдаг шиг ЯАГААД эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байгууллагад бусдын өмнө хариуцлага хүлээлгэж, даатгалтай байхыг хуулиар шаарддаггүй юм бэ? Хэрэв газ зөөж явсан байгууллага ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛТАЙ байсан бол энэ олон иргэд зүгээр хохироод үлдэхгүй байсан, татвар төлөгч нар өмнөөс нь хариуцлага хүлээхгүй байх байсан болов уу.
“Мөнх Даатгал” компанийн Гүйцэтгэх захирал М.Жалавдорж “Монгол Улсын иргэд сайн дураараа даатгал хийлгэхийг хүлээвэл дахиад 20 жилийн дараа яг энэ байдлаараа сууж байх болов уу гэж эмээдэг. Хохирсон иргэд төр рүү нулимаад, хэдэн хүн хохирсныг яриад суух нь шийдэл биш юм. Хөгжиж байгаа орнуудад төр өөрөө хариуцлагаа даатгал руу шилжүүлж, даатгалын систем нь нийгэмд хариуцлагын тогтолцоог бэхжүүлдэг. Өөрөөр хэлбэл, зарим эрсдэлтэй, аюултай үйлчилгээг эрхлэх зөвшөөрлийг төр олгохдоо даатгалд хамрагдсан байх шаардлага тавьж, учирсан хохирлыг барагдуулах эзэнтэй байлгадаг” гэсэн юм.
Улаанбаатар өдрөөс өдөрт аюултай, эрсдэл дүүрэн хот болсоор байна. Энэ их эрсдэл дунд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг иргэд бид өөрсдөө бүрдүүлж, өөрсдийгөө хамгаалах нь хамгийн ухаалаг шийдэл болж буй юм. Ирээдүйд биднийг хэн нэгэн биш, даатгуулсан мөнгө л аврах боломжтой.
Нийтлэл бичсэн: Б.Жаргал
https://ikon.mn/n/38ee
URL: