Адель хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч буйгаа зарлалаа

322521-05092024-1725527883-1058906829-jdkgДуучин Адель хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч буйгаа зарлажээ.

“Hello” болон “Rolling in the Deep” дуугаараа алдартай дуучин Германд хийсэн тоглолтынхоо дараа энэ талаараа тайзан дээрээс хуваалцжээ.

“Би уран бүтээлч байхдаа тийм ч тухтай байдаггүй, би үүнийгээ мэднэ. Гэхдээ маш сайн уран бүтээлч. Би бараг гурван жилийн турш тайзан дээр байлаа, үнэхээр гайхалтай байсан. Энэ нь миний карьерийн хувьд хамгийн урт хугацаа байх” хэмээн Грэммигийн 16 удаагийн шагналт дуучин бүсгүй Мюнхений тайзан дээрээс хэлжээ.

Түүнд дахин 10 тоглолт  үлдсэн бөгөөд өвчний улмаас өнгөрөгч хоёрдугаар сард хойшлуулсан шоугаа энэ намар нөхөх юм байна.

“Удаан хугацааны завсарлагааны үеэр би та бүхнийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгална. Би зүгээр л амрах хэрэгтэй байна. Би сүүлийн долоон жилийг өөртөө зориулж шинэ амьдрал бүтээхэд зарцуулсан бөгөөд одоо тэр амьдралаараа амьдрахыг хүсэж байна. Би та нарыг маш их санах болно” хэмээн нулимс дуслуулан хэлжээ.

Эх сурвалж: LA Times


URL: