Төрийн өмчийн их сургуулиуд сургалтынхаа 20 хүртэлх хувийг англи хэлээр заана

66d56b5d0b79fУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн их сургуулиуд сургалтынхаа 20 хүртэлх хувийг англи хэлээр заадаг болно гэж Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн эхэнд мэдээллээ.

Уг ажлын хүрээнд гадаадаас англи хэлний мэргэжилтнүүдийг, мөн гадаадын их сургуульд багшилдаг монгол багш нарыг олноор нь урьж ажиллуулна. Санхүүжилт, зохион байгуулалттай холбоотой асуудлыг их сургуулиудтай хамтран шийдвэрлэнэ. Их сургуулиудад хичээл заах гадаад профессорууд тодорхой хэмжээнд нэмэгдсэнээр тэдгээрийн нээлттэй байдал, өрсөлдөх чадвар, сургалтын чанар мэдэгдэхүйц өснө гэж салбарын сайд үзэж байна.

Түүнчлэн хувийн их дээд сургуулиудад ижил тэгш боломж олгох, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарна. Дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, чансааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэж, төрийн зохисгүй оролцоог хязгаарлана.

Элсэлтийн шалгалтын босго оноог өсгөхийн зэрэгцээ төрийн өмчийн сургуулиуд ижил мэргэжлээр элсэлт явуулдаг гажуудлыг засахад дээд боловсролын бодлого чиглэнэ гэж П.Наранбаяр сайд ярилаа.


URL: