Олон улсын эрүүгийн шүүх Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаагүй

1725039585-3974Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хандсан тухай мэдээлэл нь худал мэдээлэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Өлзийбаярын Золбаяр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын төрийн тэргүүн есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал ирүүлсэн тухай мэдээлэл худал бөгөөд бодит байдлыг гажуудуулсан, албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш хэмээн Ө.Золбаяр онцолсон байна. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон хэдий ч ирэх айлчлалын тал дээр санаа зовохгүй байна хэмээн мэдэгдэж байжээ.

2023 оны гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүх В.Путиныг энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийн хууль бусаар Орост шилжүүлсэн гэх цэргийн гэмт хэрэгт холбогдсон хэргээр баривчлах тушаал гаргаж байсан билээ.


URL: