Бразилын Дээд шүүх олон нийтийн Х сүлжээг хаах шийдвэр гаргажээ

66d298bf38b94РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2024 оны наймдугаар сарын 31 /Xinhua/. Х компани Бразил улсад хууль ёсны төлөөлөгчөө томилохоос татгалзсаны дараа уг нийгмийн сүлжээг хаах шийдвэрийг Бразилын Дээд шүүхийн шүүгч Алешандри ди Морайс баасан гарагт гаргажээ.

Шүүхийн бүх шийдвэрийг биелүүлж, оногдуулсан бүх торгуулийг төлөх хүртэл олон нийтийн Х сүлжээнд тавьсан хориг үргэлжилнэ гэж шүүхийн мэдэгдэлд дурдсан байна. Шүүгч А.ди Морайсын гаргасан шийдвэр мөн “Apple” болон “Google”-тэй холбоотой бөгөөд тус компаниуд тав хоногийн дотор Бразил дахь апп дэлгүүрүүдээсээ X-ийг устгах ёстой. Энгийн хүмүүсийн хувьд VPN-ээр дамжуулан X руу нэвтрэхийг оролдсон тохиолдолд өдөрт 50 мянган бразил реалын (9 мянга орчим ам.доллар) торгууль ногдуулна.

Лхагва гарагт А.ди Морайс Илон Маскийн Х компанид төлөөлөгчөө томилоход 24 цагийн хугацаа өгсөн байна. Тус корпорац Бразил дахь оффисоо наймдугаар сарын 17-нд хааж, хууль ёсны хуучин төлөөлөгч нь баривчлагдах аюулд ороод байна гэж мэдэгджээ.

Төрийн эргэлт хийхийг уриалсан эсвэл ардчиллыг алдагдуулсан бичвэрүүд нийтэлсэн хаягуудыг устгах шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсаны улмаас X компани болон А.ди Морайсын хооронд үүссэн маргаан хэдэн сарын турш үргэлжилсэн байна .

Бразилын Дээд шүүхээс X компанид 18 сая реалын (3.2 сая ам.доллар) торгууль ногдуулжээ.

А.ди Морайс мэдэгдэхдээ, олон нийтийн Х сүлжээ нь шүүхийн шийдвэрийг удаа дараа санаатайгаар үл тоомсорлож, өдөр тутмын торгуулийг төлөхөөс татгалзсан гэжээ. Тэрбээр тус компанийг Бразилын хууль эрх зүйн тогтолцоог тойрч, 2024 оны орон нутгийн сонгуулийн өмнө олон нийтийн сүлжээнд “хуульгүй бүс” бий болгохыг оролдсон гэж буруутгасан байна.


URL: