Ам.долларын ханш суларч буй нь бараг бүх улсын хувьд сайн мэдээ
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш бусад голлох валютуудын эсрэг тав орчим хувиар суларснаар “Bloomberg Dollar Spot Index” сүүлийн 13 сарын доод түвшинд хүрээд байна. Энэ нь цар тахлын дараах ам.долларын үргэлжилсэн өсөлт дуусаж байгаагийн дохио боллоо.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний хатуу бодлогоо өөрчлөх дохио өгсөнтэй зэрэгцэн ам.долларын ханш суларсан юм. Тус банк есдүгээр сарын 18-нд болох хурлаараар бодлогын хүүг хэр их дүнгээр бууруулах нь дараагийн гол асуулт болж байна.
Ам.долларын ханш суларч буй нь голлох валютын байр сууриа алдаж байгаа хэрэг биш болохыг “Bloomberg”-ийн шинжээч Маркус Эшворт тодотголоо. “Валютын ханш аажмаар суларсан ч АНУ-ын зах зээл хөрөнгө оруулахад хамгийн найдвартай газар хэвээр байгаа”-г тэрбээр онцолж байна. Түүнчлэн “Ам.долларын ханш суларснаар дэлхийн бусад улс орнуудад эдийн засгийн үр ашгаа өгнө” гэжээ.
Түүхэн үзүүлэлтүүдээс харахад ам.долларын ханш сулрахад түүхий эд экспортлогч улс орнуудын эдийн засаг сэргэх хандлагатай байдаг. Тиймээс энэ нь ам.доллароор нэрлэгдсэн түүхий эдийн импортын зардал өндөртэй, ихэнх хөгжиж буй улсуудын хувьд ихээхэн ашигтай байх төлөвтэй байгаа аж. Ам.долларын ханш суларсантай зэрэгцэн газрын тосны үнэ унасан нь мөн давуу тал бий болгож байна.
Хэдий тийм боловч гадаад худалдаа болон урсгал дансны их хэмжээний алдагдалтай, эсвэл бусад шалтгааны улмаас дотоодын валют нь ам.долларын эсрэг чангарснаар эдийн засагт нь сорилт учирч болох улсууд байх боломжтойг ч дурджээ.
С.Жаргалмаа
https://gogo.mn/r/9nw62
URL: