ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргуудаас

thumbnail_20210106_132337-134957-1338741938Бүтээлч байдал бол төрөлхийн авьяас гэхээс илүү амьдралын туршид эзэмшсэн ур чадвар юм. Хүүхдэд багаас нь бүтээлч сэтгэлгээг суулгахын тулд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал. Ингэхдээ,

Хүүхдээсээ асуулт асуугаарай

Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нэг гол арга бол тэдний сонирхлыг асуултаар өдөөх явдал юм. Та тэдэнтэй цагийг өнгөрөөх бүртээ яагаад тэнгэр цэнхэр байдаг вэ гэх мэтийн асуулт асуу. Далай тэнгисийн ус яагаад долгиолдог вэ? Татах хүч хэрхэн явагддаг вэ? гэх мэт. Ийм зүйлийг тэднээс асууж, эргээд тайлбарлаж өгөх нь уран сэтгэмжийг нь дээшлүүлж, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд тусална.

Бодол санаагаа илэрхийлэх боломжоор хангаарай

Өөр нэг чухал зүйл бол хүүхдэд бодол санаагаа илэрхийлэх боломжийг олгох юм. Энэ арга нь цаг хугацаа өнгөрсний дараа үр дүнгээ үзүүлэх болно. Өөрийн бодож явдаг зүйлийг нь зөвхөн үгээр биш, зураг, дүрс гэх мэт олон зүйлээр илэрхийлэх боломжийг олгоорой.

Асуудлыг олон аргаар шийдвэрлэх боломжтой гэдгийг заагаарай

Бодит амьдрал дээр тулгардаг математикийн асуудал эсвэл сэтгэл хөдлөлийн асуудал ч бай, эцэг эх, асран хамгаалагчийн хувьд та хүүхдүүддээ асуудлыг шийдэх олон арга замуудыг хэлж өгөх нь зүйтэй. Мөн тухайн асуудлыг ямар өнцгөөс харахаас шалтгаалан үр дүн өөрчлөгддөг гэдгийг ойлгуулаарай. Энэ нь томчуудад энгийн зүйл мэт боловч хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлж, асуудлыг даван туулах чадварыг нэмэгдүүлж байдаг.

Тоглоомоор дамжуулан бүтээлч байдлыг нь дэмжээрэй

Бүтээлч сэтгэлгээ болон түүний ач холбогдол нь хайрцгаас гадуур сэтгэх эсвэл байнга хийдэг зүйлээ хэрхэн өөрөөр хийж байгаагаас ихээхэн хамаарна. Тухайлбал, та хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлэхийг хүсч байвал дижитал бус гараар өрдөг, эвлүүлдэг тоглоомуудаар тоглуулах хэрэгтэй. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлдэг тоглоомын талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай. Бүтээлч тоглоом нь хүүхдийг хайрцгаас гадуур сэтгэх боломжийг өгч, бүтээлч байдлыг нэмэгдүүлж байдаг. Мөн аливааг шийдвэрлэж, зохицуулалт хийх, өөрийгөө илэрхийлэх, гэх мэт янз бүрийн чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.

Унших дадал эзэмшүүлээрэй

Хүүхдүүдийнхээ телевизор эсвэл бусад дэлгэцийн цагийг хязгаарлаж, унших гэх мэт бүтээлч хоббитой болох боломжийг олго. Энэ нь сэтгэх чадварыг идэвхжүүлдэг бөгөөд ингэснээр бүтээлч байдал нэмэгддэг. Унших нь хүүхдийн ойлголт, өөрийгөө илэрхийлэх чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ зүйлийг сурахад анхаарлаа хурдан төвлөрүүлж сурахад тусалдаг.


URL: