Д.Трамп ялагдвал засгийн эрхийг шилжүүлэх үйл явц тайван замаар явагдана гэдэгт итгэлгүй байна

66b425e1e5f0eВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 8 /Reuters/. Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялагдсан тохиолдолд засгийн эрхийг шилжүүлэн өгөх үйл явц тайван замаар явагдана гэдэгт итгэлгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ.

Ж.Байден өнгөрсөн сард өрсөлдөөнийг орхисноосоо хойш анх удаа телевизэд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн байна. Түүнээс санал хураалтын дараа засгийн эрхийг шилжүүлэх үйл явц тайван замаар явагдана гэж бодож байгаа эсэхийг нь асуухад, “хэрэв Трамп ялагдах юм бол би үүнд итгэлгүй байна” гэж хэлжээ.

“Трамп өөрийн санаа бодлоо илэрхийлсэн. Харин бид түүнийг нухацтай хүлээж авахгүй байна. Хэрэв бид ялагдах юм бол цуст мөргөлдөөн болно гэж тэр хэлсэн” хэмээн Ж.Байден CBS News телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярилаа.

Энэ оны гуравдугаар сард Охайо муж улсад болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Д.Трамп сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол “цус урсах аюултай” гэж анхааруулжээ. Тухайн үед Ерөнхийлөгч асан АНУ-ын автомашины үйлдвэрлэлийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгцээ шаардлагын талаар ярьж байсан бөгөөд хожим нь тэрбээр автомашины салбарын талаар ярихдаа ийм үгийг ашигласан гэж тайлбарласан байна.

Д.Трамп 2020 оны сонгуульд өөрийгөө Ж.Байденыг ялсан гэх ташаа мэдэгдлийг хийсээр ирсэн бөгөөд Вашингтон, Жоржиа муж улсад сонгуулийн дүнг хууль бусаар хүчингүй болгохыг оролдсон хэмээн түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Зургаадугаар сард Д.Трампын эсрэг тун тааруу мэтгэлцсэнийх нь дараа Ж.Байдены нас, эрүүл мэндийн байдалтай холбоотой асуултууд урган гарч ирсэнтэй холбоотойгоор Ардчилсан намынхан түүнд өрсөлдөөнөөс гарахыг уриалж, улмаар тэрбээр өнгөрсөн сард өрсөлдөөнийг орхисон билээ. Түүнээс хойш дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвшиж, Д.Трамптай өрсөлдөж байна.


URL: