Финалд шалгарсан Иман Хэлиф рингэн дээр бүжиглэв

1723013712195Парисын олимпын наадмын гол дүрүүдийн нэг болж хувираад буй Алжирын боксчин Иман Хэлиф финалд шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн шөвгийн дөрөвт Тайландын Жанжам Суваннапенийг таван шүүгчийн санал нэгтэйгээр, бүр нокдаунтайгаар ялснаар финалд шалгарлаа. Энэ амжилтаа тэмдэглэн рингэн дээр бүжиглэсэн юм. Ордонд ч түүнийг дэмжихээр элэг нэгт алжирчууд нь болон арабууд олноор цугласан байлаа.

Тулааны явцад болон ялалтынх нь дараа ордон даяар “Хэлиф, Хэлиф, Хэлиф!!!” хэмээн дэмжин хашхиралдсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүрэл медалийн болзол хангахдаа Иман Хэлиф “Би эмэгтэй хүн. Эмэгтэй чигээрээ л байх болно” хэмээн нулимс унаган мэдэгдэж байсан бол энэ удаад хөөрөн цовхчиж “Хүмүүсийн юу ярих нь надад хамаагүй ээ. Хамгийн гол нь хамгийн сайнаараа тоглож, алжирчуудаа баярлуулахыг хүсч байна. Би өөрийгөө боксын авъяастайг мэднэ. Үүгээрээ элэг нэгтнүүддээ бэлэг барина” хэмээн өгүүлжээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Тайландын боксчин Жанжам Суваннапен хүйс, трансжендерийн талаар яриаг дуулж сонссоноо хэлсэн ч гэлээ өөр илүү үг нэмэхийг хүссэнгүй.

Ийнхүү 2022 болон 2023 онд хүйс тогтоох шинжилгээнд дараалан бүдэрсэн тамирчин Олимпын алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Финалд түүнийг Азийн наадмын аварга, Дэлхийн аварга, БНХАУ-ын Ян Лиү хүлээж байна.


URL: