Хятадын тамирчид өдөрт 12 цаг бэлтгэл хийж, 3 жил гэрийнхэнтэйгээ уулзаагүй
Олимп бүрээр л Хятад улс медалийн тоо, чанараараа тэргүүлдэг. Энэ жил ч олон медаль авах шинжтэй байна. Тэдний энэхүү спортын ертөнц дэх эзэрхийлэл, манлайллыг тамирчдынх нь бэлтгэл сургуулилалттай нягт холбоотой гэж үздэг. Төрөөс спортыг салбарыг нь бүхий л талаар нь бүрэн дүүрэн дэмждэг тул тамирчид зөвхөн олимп, дэлхийн аварга болох л ёстой гэсэн ганцхан зорилготой байдаг.
Тэгвэл саяхан Германы усанд үсрэлтийн тамирчин Тимо Бартел нэгэн сонирхолтой зүйлийг ярьжээ. Тэрбээр өөрийн хамтрагч Жаден Эйкерманны хамтаар эрэгтэйчүүдийн 10 метрийн синхрон үсрэлтийн төрөлд өрсөлдөж, долдугаар байр эзэлжээ. Харин энэ төрөлд Хятадын тамирчид болох Лиан Жунжи, Хао Ян нар 490.35 оноогоор алтан медаль хүртсэн юм. Мөнгөн медалийг хүртсэн Их Британийн хос 463.44 оноо авчээ. Хятадын тамирчид үнэхээр шилдэг нь байсан аж. Энэ талаар мөнгөн медаль хүртсэн Их Британийн тамирчин Том Дали “Хятадууд өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Тэд ид үе дээрээ явна. Тэдний үсрэлт бүр өө сэвгүй байлаа” гэв.
Харин тэмцээний дараа Бартел ярихдаа “Өнөөдөр бид хамгийн сайн үзүүлбэрээ үзүүлсэн ч зургадугаар байрт л орох байлаа. Германд бол медалийг л чухалчилдаг. Тэрнээс биш чиний хэдэд орох хэнд ч хамаагүй. Би өөрсдөөрөө бахархаж байна. Бид олимпод оролцож, шигшээ шатанд шалгарлаа. Бид шигшээд өрсөлдөж, долдугаар байр эзэллээ. Үүнийг биднээс хэн ч булааж чадахгүй. Энэ бол энэ жилийн хамгийн хүнд тэмцээн. Би өмнө нь 490 оноо авсан хосыг харж байсан гэдэгтээ итгэлгүй байна. Гайхалтай тэмцээн боллоо” гэжээ.
Бартелын хэлснээр Хятадын тамирчид Парисын олимпод түрүүлэхийн төлөө их золиос гаргажээ. Тэрбээр үргэжлүүлэн “Хятадууд дотуур байрныхаа өрөөнд дөрвүүлээ амьдардаг. Тэд өдөрт 12 цаг бэлтгэл хийдэг. Тэд усанд үсрэхээс өөр юм мэдэхгүй. Тэдэнд найз охинтой болох, зайрмаг идэх, гадуур гарах, ресторан орох, гэр бүлтэйгээ уулзах зэрэг хувийн амьдрал гэж байхгүй. Тэдний зарим нь бүр гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй гурван жил болсон. Энэ бол бидний болон дэлхийн хэмжээний үзүүлбэрийн ялгаа. Гэхдээ нэг асуулт байгаа нь чи үнэхээр энэ замыг хүсч байна уу? Алтан медалийн төлөө ийм амьдралыг сонгоно гэж үү?” гэлээ.
Мөн тэрбээр Германы олимпийн алтан медалийн үнэлгээнд сэтгэл дундуур явдгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр Герман улс олимпийн алтан медаль хүртсэн тамирчинд 20 мянган евро өгдөг аж. Үүний талаар Бартел “Бүхэл бүтэн амьдралаа зориулж байхад 20 мянган евро хангалттай гэж үү?” гэв.
URL: