“Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг засварлавал ₮10 тэрбум, нураавал 12 тэрбум”

eucNgopzerVBD3KQKvGoVKDb3IPtxL9noQFub1gAНийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд осол гарч хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэн, галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан.

Мөн тэр хавийн орон сууц галд өртөж, оршин суугчид эд, хөрөнгөөрөө хохироод буй. Улмаар дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Энэ осол гарснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрөв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр 207 дугаар байрны оршин суугчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Хохирогч Г.Ганчимэг “Манай байрыг нураана гэсэн нь газар хөдлөлтөд тэсвэргүй, хананы бетонд нүүрсний хүчлийн хий нөлөөлнө гэсэн үндэслэлтэй. Энэ нь яваандаа арматурт нөлөөлөөд арматурыг даацгүй болгочихдог гэсэн асуудал үүссэн. Нөлөөлөх үү, үгүй юу гэдэгт МУИС-ийн багшаар шинжилгээ хийлгээд, хариу нь долоодугаар сарын 26-нд буюу өнгөрсөн баасан гарагт гарсан.

Энэ хариугаар засвар нь хийгдчих юм бол арматурт тэгж их нөлөөлөхгүй гэсэн. Тэгээд засварлахад саад болоод байгаа химийн шинжилгээ нь гайгүй гарчихлаа, засах компани байна уу гэсэн чинь олдсонгүй гэж өнөөдөр нийслэлээс хэлж байна.

Тав дахь нэгдэх гэсэн хоёрхон ажлын өдрийн дотор хэдэн компанид хэлээд хэд нь боломжгүй гэсэн юм, ямар компанид хандсан юм. Энэ бүхэн тодорхойгүй. Засахаар бол 6.8 тэрбум, зураг төсөлтэйгөө нийлээд 10 тэрбум, шинээр баривал нураах нь 2.6 тэрбум, барих нь 10 тэрбум, нийт 12 тэрбум. Хоёр тэрбумын ялгаа гарч байгаа учраас нураах нь зөв юм биш үү гэдэг санал тавьж байна. Хэрэв нураавал дараагийн шинэ байрыг барих төсвийг улсын төсөвт хэзээ суулгах вэ. Ер нь 12 давхар барилгыг нураах хүчин чадалтай компани байгаа юу гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Бид дахиад хэдий болтол хүлээх вэ” гэлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Улсын онцгой комиссын дүгнэлтээр дээрх барилгад хүчитгэл болоод урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан.

Энэ асуудалтай холбогдуулан бид Барилгын хөгжлийн төвөөс тухайн барилгыг нурааж дахин шинээр барих тооцооллыг хийлгэж үзэхэд буулгах зардалд 2.6 тэрбум, дахин шинээр барих ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоог гаргаад байна. Барилгыг буулгалгүй хүчитгэл хийж засварлах, буулгаж шинээр барих хоёрт ижил зардал гарах учраас энэ асуудалд оршин суугчдын саналыг сонсож байна” гэв.

Оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд түрээсийн хугацаа ирэх 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Хэрэв барилгыг нурааж, дахин шинээр баривал оршин суугчид үргэлжлүүлэн түрээсийн байранд амьдрах болно. Барилга бүрэн ашиглалтад орж дуустал нийслэлээс оршин суугчдын түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх юм.

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчидтай бид гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамруулсан.

Ингэхдээ гэрээний хугацааг энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл байгуулсан.

Улсын байцаагчийн дүгнэлт гарч барилгыг нурааж, дахиж шинээр барих шийдвэр гарвал бид дахин гэрээг сунгаж, барилга ашиглалтад ортол оршин суугчдыг түрээсийн орон сууцанд байлгах ажил үргэлжилнэ” гэв.


URL: