Х.Бадамгэрэл: Загвар өмсөгчдийг боловсролгүй гэдэгтэй санал нийлдэггүй
“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын мисс Хүрэлбаатарын Бадамгэрэлтэй ярилцлаа.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас 220 мянгатад өнгөрсөн. Багадаа даруухан хүүхэд байлаа. Ерөнхийдөө бүрэг талдаа болохоор нам гүмхэн байдаг байсан. Харин бусдын өмнө нээлттэй байх, илэн далангүй ярилцах, хөгжих боломжийг загвараас сурсан юм. Олон сайхны өмнө зоригтойгоор өөрийгөө нээж өгч чадсан гэж боддог. Хүүхэд байхаасаа дуу, хөгжим, бүжгийн дугуйланд явж байсан болохоор аливаа нэгэн зүйлд мэдрэмжтэй хандаж сурсан юм болов уу. Энэ бүх зүйлд ээж намайг хөтөлж оруулдаг байсан. Түүнээс өмнө ярь гээд байхад л дуугарч өгдөггүй хүүхэд байлаа шүү дээ. Би гурван эрэгтэй дүүгээ ээжтэйгээ хамт өсгөлцсөн. Тийм болохоор миний амьдралд хандах хандлага болон хүмүүжилд минь эерэгээр нөлөөлсөн. Бага байхдаа л ижийнхээ дэргэд байж сайн мууг үзсэн болохоор ертөнцийг үзэх үзэл минь бусад хүмүүсийнхээс өөр. Эрэгтэй хүүхдүүдийг дэг журамтай, эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлтэй болгож хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Гэсэн хэдий ч ээж бид хоёрын төлөвлөсөн бүхэн одоо биеллээ олж байна.
-Бага байхын өндөр хүүхдүүдийн тоонд ордог байв уу. Таны өндөр хэд вэ?
-Багадаа бол тийм өндөр байгаагүй ээ. Нэгдүгээр ангиасаа тавдугаар анги хүртлээ доороосоо гуравт зогсоно. Харин зургадугаар ангид орохдоо ангийнхнаа “суга” алгасаж нэлээд дээгүүр жагсаад долдугаар ангиасаа дээрээсээ хоёрт зогсдог болсон. Одоо бол ангийнхаа хамгийн өндөр нь. Өндөр бол манай удмынх. Манай аав ээж биерхүү хүмүүс байдаг. Миний өндөр 178 см.
-Гурван эрэгтэй дүүтэй гэж байсан. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай аавыг Р.Хүрэлбаатар гэдэг. Швейцарь улсад амьдардаг. Ээжийг маань Г.Батсүх гэдэг. Батлан хамгаалахын их сургуулийн магистр хариуцсан захирлын алба хашдаг. Бадамдэлгэр, Мөнх-Од, Мөнх-Амгалан гэдэг гурван сайхан дүүтэй. Хоёр нь оюутан, бага дүү ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Бид дөрөв хатуу дэг журамтай, хүмүүжилтэй айлын хүүхдүүд. Өвөө маань спортын хүн байсан болохоор өндөр шаардлага тавьдаг байсан. Өвөөгийнхөө хайртай зээ охин нь байсан тул шаардлагад нь хүрэхийн тулд хичээж ирсэн. 10 жилийн тухайд Герман-Монголын хамтарсан 38 дугаар сургуулийн герман хэлний ангийг төгссөн. Сая сургуулийн маань 20 жилийн ой тохиолоо. Ямар ч байсан Бадамгэрэл гэж хүн энэ сургуульд сурч байсныг хүн болгон мэддэг болсон байна лээ.
-Та ямар брэндийг илүүд үздэг вэ?
-”Louis Vuitton”-ы гутал, цүнх таалагддаг.
-Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Та ямар жилд төрсөн билээ?
-Би 1990 оны цагаан морин жил төрсөн.
-Олны танил мисс бүсгүйг гадуур явахад харц унагах залуус олон байдаг уу?
-Түүнийг би анзаардаггүй. Тийм байлаа гэхэд энэ бол шаналмаар зүйл биш л дээ. Харин монголчууд их туйлшрамтгай юм шиг санагддаг. Тэр хүн “муу” гэсэн л бол цаад хүнээ өөрчлөгдөхийг хүлээдэггүй. Өөрчлөгдсөн ч хүлээж авахыг хүсдэггүй. Сайн, муу аль нь ч бай цаг хугацааны хуулиар өөрчлөгддөг. Хүн өөрчлөгдөж болдог гэдгийг ухаарах хэрэгтэй. Манайхан сайн яваа нэгэндээ атаархаж яагаад энэ ийм өндөрлөгт хүрэв гээд ухаж төнхөөд эхэлдэг. Энэ нь надад таалагддаггүй. Яагаад хийж бүтээх хүсэл зорилго дүүрэн байгаа залуусаа дэмжээд өгөхгүй байна вэ.
-Сүүлийн үед реклам, кинонд их чадварлаг тоглож харагдсан. Дэлгэцийн урлагт хүч сорих ямар санагдсан бэ?
-ШУТИС-ийн КТМС-ийг Маркетингийн удирдлагаар 2011 онд төгссөн. Энэ сургуульд хүсэж мөрөөдөж орж билээ. Хэр баргийн хүүхэд толгойгоороо ороод байхааргүй сургуульд оюутан болсон минь азтай хэрэг. Киноны хувьд гэвэл сүүлд “Валентины захидал” кинонд тоглосон юм. Үүнээс өмнө кинонд тоглох хэд хэдэн санал ирж байсан. Харин зохиол нь миний байгаа байдал, үзэл бодлоос минь ангид байсан болохоор урилгыг нь буцаасан юм. Энэ киноны хувьд гэвэл миний бүтээхийг зорьсон дүр мөн байсан. Багын минь дүрийг өөрийн эрхгүй санагдуулсан болохоор Дөлгөөн гэж гол дүрийн охины дүрийг бүтээхээс татгалзаагүй. Миний хүсэл мөрөөдөл бол хойч үедээ хийсэн бүтээснээ үлдээх юм. Хийсэн зүйлтэй хүн үр хойчдоо магтагдан, дурсагдах болно. Тэр үүднээс энэ кинонд тоглосон. Жүжигчин хүн мөнх амьдардаг гэдэг дээ.
-Багын сурлага сайтай байж дээ. Миссүүдийг хүмүүс боловсролын тал дээр нь голонгуй байдаг нь нууц биш…
-Хүмүүс загварынхныг боловсролгүй гэдэг. Хүн болгон тийм биш. Ганц нэг хүнээс болоод бүгдийг нь тэгж дүгнэж болохгүй. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэдэг шиг юм болоод байна. Миний хувьд 10 жилд байхын хичээл номдоо шамддаг байсан. Угаасаа ч гэр бүл маань хатуу дэг журамтай тул хичээл хийхгүй байна гэдэг санаанд ерөөс буудаггүй байж. Тэр чанга хүмүүжлийн үр дүнд өөрийн хүссэн сургуульдаа орж чадсан. Дэлхийн 1000 шилдэг их сургуулийн нэгээр шалгарсан сургуульд оюутан болно гэдэг сайхан. Тэгээд ч сургуулиа “А” үнэлгээтэй төгссөн шүү.
-Хүссэн сургуульдаа дуртай мэргэжлээрээ суралцсан юм бол одоо мэргэжлийн дагуу ажиллаж байгаа юу?
-Одоо “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Энэ үүднээсээ агентлагийн гадаад, дотоод маркетингийн ажлуудыг хариуцна. Манай захирлаар мисс Ч.Содтуяа эгч ажилладаг. Бидний зорилго нэг болохоор баг болж хамтарч ажиллахад хүндрэл гардаггүй. Хүн өөрийн сонирхолтой зүйлдээ цаг зав гаргадаг биз дээ. Миний хувьд сонирхлынхоо хүрээнд үндсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа.
-Монголын шилдэг 100 залуугийн нэгээр шалгарахдаа та “Бүх салбарт өөрийн хүчийг үзнэ” гэж хэлж байсан. Эхнээсээ хүчээ өгч эхэлсэн байлгүй?
-Залуу хүн эрч хүчтэй, бадамлаж буй гал шиг байгаа дээрээ нийгмийн олон салбарт орж ажиллах хугацаандаа өөрийн байр суурь, нэр хүндийг олох хэрэгтэй. Олон салбарт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадах үед өөртөө асар их туршлага хуримтлуулсан байх болно. Сүүлд нь тэр хүнд өөрт нь хэрэгтэй. Тэрнээсээ хүн хөгжиж, суралцаж байдаг. Тийм болохоор ганц загвар, маркетингийн салбарыг онцлоод байх биш олон зүйлд чадах, чадахгүйгээ үзье гэж боддог. Ирээдүйд агентлагаа загварын өнгө төрхийг тодорхойлж чадахуйц хэмжээний томоохон байгууллага болгох бодол бий. Ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Өсвөр үеийнхний хүмүүжил, гоо зүйн боловсролд анхаарч ажиллаж байгаа.
-Та хорь гарч яваа залуу хүн. Таны багшилдаг “Азийн модель” агентлагийн хүүхдүүд загварын ертөнцөд танигдаад эхэлчихлээ. Шавь нараараа бахархдаг байлгүй…
-Үүн дээр би бахархалтай байдаг. Содоо эгч (мисс Ч.Содтуяа) бид хоёрын шавь нарын бахархам зүйл нь хүмүүжилтэй, хүнийг хүндэтгэж харьцдаг. Хийж буй зүйлдээ үнэнхүү сэтгэл зүтгэлээ зориулж чаддаг нь том давуу тал. 12-18 насны хүүхдүүдийг ээж, аав нар нь бидэнд итгэж гоо сайхны хүмүүжилтэй хүн болгуулах гэж авчирч өгдөг. Тэр олон хүмүүсийн итгэлийг алдах эрх байхгүй. “Miss Mongolia-2011″ уралдаанаас миний гарын шавь Билгүүнзаяа “Дэд мисс”-ийн шагнал хүртсэн. Энэ тэмцээнээс оюутан миссд оролцох эрх авч тэр уралдаанаас “Дэлхийн энхтайвны дуу хоолой” гэсэн өргөмжлөлөөр шагнуулж бүтэн жилийн турш энхтайвны үйл ажиллагаанд оролцож байна. Мөн Энхжин гээд шавь маань “Манжуурын мисс”-т гуравдугаар байрт шалгарсан. 16 настай хүүхэд гэхэд өөрийн хэмжээнд том амжилт гаргаад байна.
-Мисс Бадамгэрэл гэж дуудуулахад гоё байдаг уу?
-Үгүй. Хүмүүс намайг мисс л гэдэг. Миссийн цаана хичнээн олон зүйл байдгийг мэддэггүй. Би миссээс гадна нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцдог. Өөрийн зүгээс хүмүүст тусалчих юмсан гээд явах гэхээр энэ гоёж гоодохоос өөр зүйл мэдэхгүй хүн гэж зарим нь боддог бололтой. Хүн хийж бүтээе гэж байхад нь хийлгэх л хэрэгтэй. Хийж чадахгүй бол тэгж хэлэхгүй байсан. Намайг мисс гэдэг утгаар биш хийсэн бүтээснээр минь таньдаг байгаасай. Ямарваа нэгэн зүйлийг болгохын тулд хичээл зүтгэл гаргаж чармайсан гэдгийг ойлгоосой. Би нэг эхэлсэн зүйлээ заавал дуусгаж байж санаа амардаг.
-Таны бодлоор сайн хүн, сайхан хүн гэж ямар хүнийг хэлэх бол оо?
-Тухайн хүний хүмүүжлийн асуудал болов уу. Сайн болох, эс болохын тухайд хувь хүний үзэл бодлоос шалтгаална. Хүн болгон сайн хүн байх албагүй ч хийсэн ажилдаа эзэн болж, хүнд чин сэтгэлээрээ тусалж, буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй. Сайхны тухайд хамгийн ойр жишээ гэвэл Содоо эгч байна. Үргэлж сайхан зүйл ярьж, төлөвлөж, түүний гүйцэлдүүлж чаддаг. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг энэ хүний дэргэд байгаагийн хувьд өөрийн алдааг засч чаддаг.
-Хүн болгоны дотор эмзэглэл оршдог. Х.Бадамгэрэл юунд эмзэглэж явдаг вэ?
-Эмзэглэл хүн болгонд өөр өөрөөр буудаг байх. Миний хувьд залуусын оюуны доройтолд эмзэглэж явдаг. Түүнээс дутахгүй сургуулийн жаахан хүүхдүүд тамхи татаж, архи уудаг. Шоу цэнгээн нь хэтэрсэн, цаг зав дэндүү их байна. Үүнээс шалтгаалан нийгэмд хэрэгтэй хүн болж төлөвшиж чадахгүй байгаа юм болов уу.
-Та наснаасаа илүү намбатай харагдах юм аа. Нүүр будалт ч юм уу ямар нэгэн шалтгаан бий болов уу?
-Зарим нэг хүмүүсээс би наснаасаа илүү намбатай гэсэн зэмлэл хүртэж байсан. Энэ миний ажил мэргэжил, хийж буй зүйлтэй шууд холбоотой болов уу. Үргэлж завгүй, ажилтай байдаг нь миний нэг давуу тал, зөв хэвшил юм. Гэртээ зүгээр суухаар уцаарласаар байгаад таардаг. Төлөвлөгөөний дагуу өдрийн ажлууд бүтээд түүнийгээ дэвтэртээ ногооноор тэмдэглэх миний аз жаргалын нэг шүү дээ.
-Арван жилийн дараа таны хувьд юу өөрчлөгдсөн байх бол. Ирээдүйнхээ тухай бага ч гэсэн хуваалцахгүй юу?
-10 жилийн дараа мөн л төлөвлөгөөнийхөө дагуу амьдрал маань үргэлжилсээр байх болно. Ямар байсан таван хүүхэдтэй болсон байх болов уу. Нэг охин, дөрвөн хүүтэй эрүүл энх, аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсэж байна. 10 жилийн дараа заавал тийм болсон байх ёстой гэж боддог. Өөрийн гэсэн байр суурьтай, эзэмшсэн мэргэжил маань намайг хаана ч аваад явчихдаг, хүүхдүүд маань ээжийнхээ хийж бүтээснээр бахархдаг байгаасай гэж л хүсдэг. Тэжээж чадаж л байвал энэнээс олон хүүхэдтэй болохыг үгүйсгэхгүй.
-Хувь заяагаа өөрийн гараар зурж зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж яваа юм байна. Та шүтлэгтэй юу?
-Миний хувьд шүтлэггүй талдаа хүн. Гэхдээ манай гэр бүл бөөгийн сахиустай. Тийм болохоор түүндээ итгэхгүй байж болохгүй. Цагаан сарын дараа шинийн 15-ндаа багтаад уншуулах номоо лам хуврагаар уншуулчихдаг. Шашинд хэт орчихсон хүн өөрийнхөө зорилгыг мартчихдаг юм шиг санагддаг. Бурхан миний өмнөөс бүх зүйлийг шийдэж өгнө гэж боддог хүмүүс байдаг. Хувь хүн өөрөө амьдарч байгаагаа мартчихаад сүслэн залбираад уйлж, дуулаад бөөн юм болдог. Өөрөөс нь бүх зүйл шалтгаалах учраас бурхан үүнд нөлөөлнө гэж байхгүй. Миний үзэл бодол ийм л байдаг.
-Таныг миссүүд дундаа хамгийн царайлаг нь, мөн хамгийн эршүүд нь гэдэг юм билээ…
-Гурван эрэгтэй дүүгээ өсгөсөн болохоор эршүүд байж магадгүй. Ямар ч байсан би юмыг тойруулж ярих дургүй. Чадахгүй бол чадахгүй гэдгээ шууд хэлчихдэг. Түс тас шууд асуудлыг зохицуулдаг зан маань эрэгтэй дүү нартайгийн гавьяа гэж боддог. Эршүүд байлаа гээд муу юм алга. Хүмүүстэй харьцаж хамтран ажиллахад хүртэл амар байдаг. Гэхдээ эршүүд гэх нь хаашаа юм. Хатуу, чанга гэж ойлгож болно.
-Аз жаргалтай мөчүүдээсээ хуваалцахгүй юу?
-Тухайн өдрийн ажлаа дуусгаад орой гэртээ ороод ээжийнхээ хийсэн хоол, цайг идэж уугаад ээжтэйгээ, дүү нартайгаа юм яриад сууж байх л миний жаргал юм даа.
-Таны амьдралдаа баримталж, чиг шугамаа болгодог ямар үг байдаг вэ?
-”Хүс, мөрөөд, зорь. Зорьсондоо хүрэхийн тулд тууштай тэмц, хөдөлмөрлө” гэж өөртөө хэлдэг. Ямар нэг зүйлийг чадахгүй гээд мөрөөдөөд байж болохгүй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд чадахгүй байсан ч тэмцэх хэрэгтэй. Тэгж байж их, бага хэмжээгээр түүний үр шим гарна. Түүний үр дүнд туршлага хуримтлуулж цаашдын ажилд тус нэмэр болно гэж боддог. Эмэгтэй хүн гээд сул дорой байж болохгүй. Бүсгүй хүн гэдэг хамгийн хүчирхэг, тэвчээртэй ертөнц юм.
-Гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой явна вэ. Хэзээ тусдаа гарах гэж байна вэ?
-Цаг хугацааны эрхээр бүх зүйл болох байх. Одоогоор ээж, дүү нартайгаа хамт XIII хороололд амьдарч байна. Гэр бүлийг сайтар төлөвлөж шийдэх ёстой. Гэр бүл хэн нэгэн хүний хүсдэг тоглоом биш.
Э.ЭНХБОЛД
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: