Н.Өнөрцэцэгийн дүү: Төрийн нууц гэх мэдээллийг БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ өгсөн

Screenshot 2024-07-23 201122Анхан шатны шүүхээс 4.9 жилийн ял сонсож, одоогоор хорих 461 дүгээр ангид хоригдож буй (шүүхийн шийдвэрийг ЭНД-ээс унших боломжтой) сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Н.Өнөрцэцэгийн ээж “Миний охиныг сошиалоор маш их тавалж байна. “Жангаа идээд яв” гэж загнаж байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Шүүх зөв шүүгээсэй л гэж хүлээж байсан. Гэтэл охиныг минь энэ сарын 19-ний орой бариад, хорьчихсон. Үүнд би их шаналж, гомдож явна” гэлээ.

Харин Н.Өнөрцэцэгийн эгч “Манай дүүг таван хэрэгт хэлмэгдүүлсэн. Үүний хоёр нь татвартай холбоотой, хоёр нь хүний алдар, хүндэд халдсан гэдэг зүйл анги юм байна. Үлдсэн 1 нь төрийн нууцад хамааралтай. Энэ нь Н.Өнөрцэцэгт хамаатай биш шүү дээ. Зариг.мн сайт 20 гаруй ажилтантай. Хэнийх нь ширээн дээр, шүүгээн дотор ямар бичиг, юу байгааг мэдэхгүй. Манай Өнөрөө ажил дээрээ бараг л ирдэггүй байсан. Тэгэхээр төрийн нууцтай холбоотой бичиг нь Өнөрөөгийнх биш. Үүнийг эргээд шалгавал учир нь олдох юм билээ. Гэтэл шалгахгүй, шууд ялласанд бид гомдолтой байгаа.

skip-share

Нүүрсний сонсголын үеэр гараас гарт бичиг дамжуулсан хүн нь Б.Бат-Эрдэнэ сайд. Өөрөөр хэлбэл, манай сэтгүүлчид бичиг дамжуулсан.

Өчигдөр би дүүгээ эргэлээ, тэнд дүү минь муугаа үзэж байна. Шүүх хурлаа хаалттай, өмгөөлөгчгүй явуулаад манай дүүг хэлмэгдүүлчихлээ. Энэ хэлмэгдүүлэлтээ зогсоо. Бид малчин ард, иргэд болохоор дээрэлхээд байгаа юм уу” гэлээ.

Н.Өнөрцэцэгийн ах “Хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан. Тиймээс давж заалдах шатны шүүх үнэн, зөв шийдээсэй гэж хүсэж Төрийн гурван өндөрлөгт хандаж байна. Төрийн нууц нь Х Богдтой холбоотой юу гэж сая сэтгүүлч асууж байна. Энэ бол харлуулах л ойлголт. Энэ асуудлыг Өнөрөө өөрөө ч мэдэхгүй, бид ч мэдэхгүй” гэв.

Мөн Н.Өнөрцэцэгийн дүү “Төрийн нууцад хамаарах мэдээллийг хэн өгсөн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж байна. Сэтгүүлчид ихэнх нь мэдэж байгаа. Энэ хүнийг би хэлчихье гэж бодож байна. Тэр хүн бол БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ, одоо УИХ-ын гишүүн. Яагаад төрийн нууцад хадгалж байх мэдээллээ сэтгүүлчид дамжуулчхаад өөрөө ялгүй үлдэж, манай эгч ялтан болж байгаа юм бэ. Сайд асан Б.Бат-Эрдэнэ уснаас хуурай гарсан. Дэд сайд гэдэг хүн нь шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл бидэнд бий.

Нүүрсний сонсголын үеэр гараас гарт бичиг дамжуулсан хүн нь Б.Бат-Эрдэнэ сайд. Өөрөөр хэлбэл, манай (zarig.mn) сэтгүүлчид бичиг дамжуулсан. Үүнийг нь авчраад ажлынхаа шүүгээнд хийсэн байсныг манай менежер аваад автомашиндаа хийчихсэн байгаа юм. Тэгтэл хоёр долоо хоногийн дараа “Зариг.мн” сайтын менежерийн машины цонх хагарчихлаа гээд хүн залгасан. Яваад очтол цагдаа нар ирсэн. Ингээд мөрдөгч автомашинд нь үзлэг хийгээд дотор нь байсан бичиг, баримтуудыг хурааж аваад явсан. Маргааш нь нөгөө мөрдөгч кофе ууя гэж дуудангуутаа гарын үсэг зуруулсан байгаа юм. Тийм л юм болсон.

Үүнийг гэрч гэрчлээд байхад хуулийн мэдлэггүй сэтгүүлч хүнийг өмгөөлөгчгүй шүүгээд хорьсон. Бид арвуулаа байсан ч нэг цагдаагийн өөдөөс хачин л болдог биз дээ. Ийм л эрх, тэгш бус юм болсон” гэв.

Ар, гэрийнхэн нь төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзах хүсэлт илэрхийлэн Төрийн ордны гадна талд уриа, лоозон барин зогсож байна.


URL: