А.Мөнхболд: Сурталчилгаандаа 1.3 тэрбумыг зараад УИХ-ын гишүүн болчихоод тэд цалингаараа амьдрахгүй. Хулгай хийнэ, эсвэл кнопчин болно
Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдтой ярилцлаа.
-Таны “Би УИХ-д нэр дэвшихгүй. Надад сурталчилгаанд өгөх 1.3 тэрбум байхгүй” гэдэг бичлэг олон нийтэд нэлээд хүрсэн. Парламентад нийгмийн бүлгийг төлөөлсөн чадварлаг хүмүүс гарах ёстой. Гэвч бодит байдал дээр мөнгөөр л гарах боломжтой гэдгийг төрийн байгууллага нь нийтээрээ зарлачихав уу даа?
-Сэтгүүлч надаас УИХ-д нэр дэвших талаар л асуусан. Мэдээж иргэн хүний хувьд улс орны хувь заяанд үргэлж санаа зовж явдаг. Миний бие Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг анхааралтай ажиглаж, санал бодол, анализ, дүгнэлтээ твиттер, фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр бичдэг
Үр хойч маань үлдэх энэ нийгмийг гэрэлтэй байгаасай л гэж хүсч байна. Монгол Улс бол жижиг, авсаархан улс, хөгжилд хүргэх түмэн боломж байна. Харамсалтай нь бид боломжийг огт ашиглахгүй байгаад л учир байгаа юм.
-Энэ удаагийн сонгуулийн зардал нэг нэр дэвшигч 1.3 тэрбум хүртэл төгрөгийг зарцуулж болно гэж СЕХ-ноос албан ёсоор зарлачихсан. Ийм их хөрөнгө зарж байж УИХ-д гараад ажиллана гэдэг хэний төлөө юм бэ гэж асуухад хүрч байна шүү дээ?
-СЕХ-ноос зарласнаар хамгийн өндөр зардал 1,5 тэрбум төгрөгийг 10 мандаттай хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигч гаргахаар байгаа. 1.3 тэрбум төгрөг гэдэг бол дундаж хэмжээ гэж ойлгож байгаа. Ийм хэмжээний зардал гаргаад УИХ-д нэр дэвших хүн цөөхөн л байх. Харин ийм хэмжээний мөнгө гаргаад сонгогдсон УИХ-ын гишүүн өөрийнхөө төлөө ажиллах уу, эсвэл ард түмний, улс орны төлөө ажиллах уу гэдэг эргэлзээтэй байна.
Ер нь монгол төр өөрийнхөө “Удирдах зөвлөл”-ийг сонгож байгаа мөртлөө нэр дэвшигчид тавигдаж байгаа шалгуур нь “мөнгө” байхаар улс орон яаж хөгжих вэ гэсэн бодолтой байна. Уг нь бидэнд эрдэм мэдлэгтэй, туршлагатай, шударга, эрч хүчтэй манлайлагчид хэрэгтэй шүү дээ.
-УИХ-ын гишүүний цалин жилдээ ихдээ л 200 сая орчим төгрөг болно. Дөрвөн жил суулаа гэхэд тэрбум төгрөг ч хүрэхгүй. Гэтэл тийм ажил хийхийн тулд 1.3 тэрбум төгрөг зарлагадна гэхээр ард түмэн, улс орноо хайрласных юм болов уу?
-Хүн болсон юм хойно гаргасан зардлаа нөхөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүний цалингаараа олно гэдэг бүтэшгүй. Тэгэхээр хулгай хийх, эсвэл хэн нэгэнд давуу тал олгож үйлчилж, авлига авах гээд хамгийн болохгүй бүтэхгүй зүйл хийх л байх. Хэрэв хэн нэгний, эсвэл аль нэг бүлэглэлийн мөнгөөр сонгуульд оролцож байгаа бол “кнопчин” л хийх байх даа.
Бид өнгөрсөн 34 жилийн хөгжлийн үр дүнд “мөнгө” гэдэг эх оронтой, иргэдтэй болсон. Өнөөдөр улс орныхоо төлөө 1.3 тэрбум төгрөг зараад УИХ-ын гишүүн болж өөрийгөө золиослох хүн нэн ховор байгаа даа гэж бодож байна. Ялангуяа бид хоёр том хөрштэй, ялангуяа Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний, манайтай худалдаа, наймаа хийдэг олон аж ахуйн нэгж урд, хойд хөршид байгаа. Мөнгөний сонгуульд гадны аж ахуйн нэгжүүд нөлөөлөх вий гэж айдаг.
-1.3 тэрбум гэдэг бол тийм ч өндөр тоо биш гэж үздэг юм байна. Бодит байдал дээр үүнээс ч илүү зарцуулдаг гэв үү?
-Маш энгийн тооцооллоор 1.3 тэрбум төгрөгөөс тав дахин өндөр тоо гарна. Энэ удаагийн сонгууль бүсчилж томсгосон тойргоор явагдана. Жишээлбэл, төвийн гэх тойрогт Сэлэнгэ 17 сум, Дарханы дөрвөн сум, Төв аймгийн 27 сум гэхэд 48 сум. Дээр нь бие даасан тосгод байгаа гэвэл 50 гаруй төв суурин газарт сурталчилгаа хийх шаардлагатай болно. Манай монголчуудын зан бол танихгүй хүнээ хэзээ ч сонгохгүй.
Тэгэхээр төвийн бүсийн тойрогт нэр дэвшигч 17 хоногт бүх суурин газраар тойрох шаардлагатай болно. Үүний тулд том штаб ажиллуулах хэрэгтэй. Цалин хөлс өгөх ёстой гэж тооцвол таван тэрбум гаруй төгрөг зарцуулах болов уу гэж харж байна. Ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй бол мэдээж сонгогдохгүй. Сонгуульд ялагдсан ч нам нь ялбал ямар нэг албан тушаал өгдөг практик байдаг юм билээ. Мэдээж “шарх”-аа нөхөж таарна.
-Ер нь нэр дэвшигчид ийм их хөрөнгө зарцуулах шаардлагатай юу. Гадны улсын жишгээр ийм байдаггүй шүү дээ. Өнөөдөр яагаад бид ийм гажуудалд орчихов?
-Манайх шиг ингэж мөнгө санхүү, хугацаа хоёроор шахдаг сонгууль дэлхийд байхгүй. Бусад орнуудад сонгууль дууссаны дараагаас өөрийгөө таниулах боломжийг төр олгодог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болох хүсэлтэй иргэнд дараагийн дөрвөн жилд тухайн тойрогт ажиллаж өөрийгөө таниулах эрх нээлттэй байх ёстой. Нөгөө талаар дөрвөн жил болоод сонгуулийн системээ өөрчлөөд байж болохгүй, тогтвортой байх ёстой.
Гадаадын орнуудад сонгуулийг аль болох шударга, ил тод байлгах, санхүүжилтийн тэгш байдлыг хангахад ихээхэн анхаардаг. Тиймээс сонгуульд гаргадаг зарим зардлыг төрөөс хариуцаж байдаг. Бид чинь ядуу мөртлөө дэлхийн хамгийн баян АНУ-ыг дуурайгаад байдаг юм билээ. Зүйрлэвэл “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэдэг шиг.
Бид 34 жил сонгуульдлаа. Үр дүнд нь улс орон хүссэн хэмжээнд хүртэл хөгжсөнгүй, байдаг баялгаа алдаж байна. Тэгэхээр бид 1992 оных шиг “ардчилсан гэх Үндсэн хууль”-ийг шинэчлэн найруулж, цоо шинэ “хөгжлийн Үндсэн хууль”-тай болох цаг ирсэн гэж судлаач хүний хувьд хэлэх байна. Түүний дараа сонгуульд нэрээ дэвшүүлэх талаар бодож болох юм.
Б.Энхзаяа
URL: