Сүүлийн 2000 жилийн хамгийн халуун зун 2023 онд тохиожээ
Эрдэмтэд 2023 оныг цаг уурын орчин үеийн хэмжилт анх хийж эхэлсэн 1850 оноос хойших хамгийн халуун жил болсон гэж тодорхойлоод байна.
Сүүлийн хоёр мянганы хамгийн халуун зун 2023 онд дэлхийн хойд хагаст тохиосныг мягмар гарагт “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд онцолжээ. Хэдий тийм боловч 2023 оны зун урьд байгаагүй аагим халуун байсан ч энэ зун түүнээс ч халуун байж болзошгүйг анхааруулсан байна.
Хүний үйл ажиллагааны нөлөөтэй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дэлхийн дулаарал нь цаг уурын “Эль Ниньо” мөчлөгтэй хавсарснаар хэт халалтын “дээд амжилт” дахин эвдэгдэх магадлалтай байгаа аж.
Өмнө нь эрдэмтэд 2023 оныг цаг уурын орчин үеийн хэмжилт анх хийж эхэлсэн 1850 оноос хойших хамгийн халуун жил болсон гэж тодорхойлоод байгаа юм. Харин энэ удаад эрдэмтэд төхөөрөмжийн хэмжилтийг уур амьсгалын дахин сэргээсэн модельтой хослуулах аргаар сүүлийн 2000 жилийн цаг уурын бүртгэлийг хийж чаджээ.
Судалгаагаар өнгөрсөн зуны хэт халалт орчин үеийн түүхэн дэх бүх дээд үзүүлэлтүүдээс даваад зогсохгүй өмнөх тооцооллоор түүхэн дэх хамгийн халуун зун гэж тооцогдож байсан МЭ 246 оны зуны дундаж температураас Цельсийн 0.5 гаруй хэмээр илүү байсан байна.
“Урт хугацааны түүхэн баримтуудаас үзвэл дэлхийн дулаарал сүүлийн жилүүдэд хэр эрчимтэй байсныг харж болно. 2023 он ер бусын халуун жил байсан. Хэдий тийм боловч бид хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулахгүй л бол энэ хандлага үргэлжилсээр байна” гэж дээрх судалгааг хамтран хийсэн Кэмбрижийн их сургуулийн профессор Ульф Бюнтген өгүүлжээ.
Ульф Бюнтгений багийнхан шинжилгээгээ хойд өргөргийн 30 градусаас Умард туйл хүртэлх хязгаарлагдмал бүсэд хийсэн байна. Тус бүсэд дэлхийн хамгийн урт настай цаг уурын хүрээлэнгүүдийн дийлэнх нь оршдог учраас тэр аж. Мөн тэд дэлхийн хойд хагасын есөн бүсэд олон мянган модны цагирагт шинжилгээ хийж, цаг уурын түүхэн нөхцөл байдлыг сэргээн тогтоожээ.
Б.Бат-Очир
https://gogo.mn/r/qy9v7
URL: