АНУ: Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ
Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
Ослын үеэр гүүрэн дээр авто замын эвдрэлийг нөхөж байсан 8 ажилчин Патапско голын усанд унаснаас хоёр нь аврагдсаныг Мэрилэнд мужийн захирагч Вэс Мүүр мэдээлжээ. Харин үлдсэн 6 ажилтныг амь үрэгдсэн гэж үзэж байсан юм.
Тэгвэл өчигдөр нурсан гүүрний ойролцоох Патапско голоос улаан пикап машинтай живж осолдсон хоёр хүний цогцсыг гаргаж авсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Мөн уг хэргийг мөрдөн байцаагчид өчигдөр осол гаргасан Дали хөлөг онгоцонд нэвтэрч, хар хайрцагтай төстэй мэдээлэл хураагчийг сэргээсэн тухай мэдээллээ.
Мөн гүүрэн дээр зогсож байсан хэд хэдэн автомашин голын усанд унажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гүүрийг сэргээн засварлах зардлыг Холбооны засгийн газар хариуцахыг амласан байна.
“Холбооны засгийн газар гүүрийг сэргээн босгох зардлыг бүрэн төлөх ёстой гэж би үзэж байна. Конгресс миний саналыг дэмжих байх” гэж Байден хэлээд өөрөө Балтиморт удахгүй очиж, нөхцөл байдалтай танилцахаа мэдэгджээ.
URL: