ОХУ-ын авьяаслаг залуу тамирчин ханиадны улмаас таалал төгсчээ

image-7c6e8cfc-4955-4239-8fb8-63faf6fc9dc1ОХУ-ын тэшүүрчин Анастасия Середа “А” хүрээний томууны улмаас энэ сарын 7-ны өдөр нас барсан тухай Оросын тэшүүрчдийн холбооноос мэдээллээ. Тэрээр дөнгөж 20 настай авьяаслаг, өсөх ирээдүйтэй тамирчин байсан ба түүний үхлийн шалтгаан нь маш нийтлэг өвчин байсан нь олныг цочроогоод байгаа юм.

Тамирчны дасгалжуулагч Марина Яшина хэлэхдээ Середа нэг сарын өмнө ханиадны улмаас Уфагийн эмнэлэгт хэвтсэн ба түүний биеийн байдал хүндэрч комд орсноор удалгүй нас барсан гэв. Өөр эх сурвалжийн мэдээлснээр түүний халдварласан А хүрээний томуугийн вирус хүндэрч, цусанд нь халдварлаж улмаар тархийг нь үхжүүлсэн гэжээ.

Аливаа цар тахал, томуугийн вирус агаар дуслаар дамжин халддаг учир амьсгалын замаас гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг байна. Талийгаач тамирчны халдварласан энэхүү вирус эхлээд хүний бие рүү нэвтрээд дараа нь цус руу орсон гэдгийг дурджээ. Эхний нууц хугацаа дунджаар 1-2 хоног байдаг бол нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг байна.

Манай улсын хувьд хүйтний улиралд ханиад, томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимждэг. Хүүхдийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасаг дүүрч, 0-6 сартай нярай нарын дунд ханиад, томуу хүндэрч байгааг эмч нар анхааруулж буй. Дээр нь агаарын бохирдол амьсгалын эрхтэн тогтолцооны хамгаалалтыг алдагдуулснаас болж уушгины хатгалгаа болох эрсдэл өндөр байна. Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгд, нас баралтын шалтгаанаар тавдугаар байрт ордог. Иймд ханиад томуу нь эрсдэлт хүчин зүйл өндөр тул иргэд та бүхнийг болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Sport-express.ru


URL: