Монголын боксын холбоо Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ

IMG_4089Монголын боксын холбооноос ДАШТ-ий мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багаас хасаж, дасгалжуулагч нарт арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан Азийн зуны спортын наадамд МУГТ Б.Чинзориг аваргалж, монгол түмнээ баясгасан билээ. Гэвч түүний допингийн шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрснийг Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Ц.Уугангэрэл баталгаажуулсан. Түүнчлэн Монголын боксын холбооны мэдээлснээр допинг илэрсэн тухай мэдээллийг Олон улсын шинжилгээний агентлагаас аравдугаар сарын 13-ны өдөр Б.Чинзоригт хүргүүлсэн аж. МУГТ Б.Чинзориг допинг илэрснээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Олон улсын спортын арбитрт ханджээ.

Иймд Монголын Боксын холбооны ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч У.Баатарын тушаалаар Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багийн гишүүнээр авсан гэрээг хүчингүй болгож, хөөх шийдвэр гарсан байна.

Мөн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийг гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох, туслах дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Д.Эрдэнэбаяр нарт нээлттэй сахилгын хариуцлага тооцох аж. Б.Чинзоригоос допинг илэрсэн тул Боксын шигшээ багийн эмч Ч.Насанбат нь хянах ажлаа гүйцэтгээгүй хэмээн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Гэвч Олимпийн наадам болох дөхсөн тул хүлээж авахгүйгээр, цалингийн 20 хувиар торгохоор болжээ.

Монголын боксын түүхэнд шигшээ багийн тамирчны допингийн шинжилгээнээс хориотой бодис илэрч байгаа нь анхны тохиолдол юм байна. Б.Чинзоригийн хувьд Азийн наадамд аваргалж, улмаар Олимпийн наадамд амжилт үзүүлэх хүлээлттэй байсан тамирчин. Гэвч Олимпийн наадмын өмнөхөн хориотой бодис илэрч байгаа нь харамсалтай зүйл болж байна. Олон улсын жишгээр бол тамирчнаас хориотой бодис илрэх үед дасгалжуулах баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгдөг. Гэтэл манай улсад цалингийн 20 хувиар торгоод өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, тамирчин нь явж, дасгалжуулагч нар нь үлдэж байгаа юм.

Монголын боксын холбоо өмнө нь МУГТ Э.Цэндбаатарыг ч мөн шигшээ багаасаа хөөж байсан билээ. Үүний дараагаар МУГТ Б.Чинзоригийг ийнхүү хөөхөөр болжээ.


URL: