ТЕГ-ынхан Ж.Энхбаяраас тайлбар авчээ
-ТЭРБЭЭР НУУЦ ЗАДРУУЛСАН БАРИМТАА БАЛЛАЖ, ӨӨРЧИЛЖ ӨГСӨН ГЭНЭ-
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг улсын нууцад хамаарах мэдээллийг олон нийтэд задруулсан гэдэг үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрынхан саяхан дуудаж тайлбар авсан гэнэ. Тэрбээр тайлбар өгөхдөө тараасан материалдаа дэлгэсэн улсын нууцад хамаарах мэдээллийн тоог баллаж, өөрчлөн өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна. Өдөр тутмын хэвлэл болон УИХ-ын байнгын хорооны гишүүдэд материал тараахдаа Ж.Энхбаяр улсын нууцад хамаарах тоо баримт дэлгэсэн байдаг, Үүнийг нь ямар учиртай болохыг УИХ-ын зарим гишүүд чуулган дээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Тогоогоос лавлахад тэрбээр “Зарим мэдээлэл нь улсын нууцад хамаарна” хэмээсэн юм. Ийн олонд ил болгон тараасан мэдээллээ Батлан хамгаалахын сайд бас нуух гэж оролдсон бололтой. Тараасан материалд нь хэдэн мэргэн бууч бэлтгэж байгаа, цаашид хэдийг бэлтгэх тухай болон хаанаас ямар мэргэжлийн хүмүүсийг авчирдаг тухайг дэлгэсэн байсан юм.
Ж.Энхбаяр “Улаанбаатар хотод ойрхон байрлалтай цэргийн ангиудыг дахин тоноглон тусгайлан бэлдэж бэлэн байдалд оруулах” саналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар оруулсан байдаг. Олон нийтийн хэвлэл мэдээлэлд үүнийгээ “Зэвсэгт хүчний гол үүрэг байлдааны бэлэн байдалд байх явдал” хэмээгээд “Долдугаар сарын 1”-нд болсон үймээний явдлаас сургамж авсан. Ийм хэлбэрийн онц байдал зарласан үед Батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой” гэж тайлбарласан. Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн арваннэгдүгээр зүйлийн 2-т “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасныг ноцтой зөрчиж байна” гэсэн шүүмжлэлд өртсөн билээ.
Г.ЯЛГУУН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: