Үнэ хөөрөгдөгч
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан нефть импортлогч компаниуд дээр гүйж очин баяр хүргэж, олны нүдийг орой дээр нь гаргав. Уг нь шатахууны үнэ тэр нэг өглөө 280 төгрөгөөр өсч, хожим нь холбогдох байгууллагууд “Үнэ нэмэх үндэслэлгүй байжээ” гэж тогтоосон юмсан. Гэтэл “Цаашдаа литр шатахуун тутамд 180 төгрөгийг ард түмний халааснаас завших” асуудал дээр нефть импортлогчидтой зөвшчихөв. Ялагдчихаад дайсандаа баяр хүргэдэг хүн байх уу. Өнгөрсөн долоо хоногт олон нийтэд өөрийгөө таниулсан хүн үнэндээ байсангүй.
Жишээ нь, мань хүн шударга бус зүйлийн төлөө, хөдөлмөрчдийн төлөө өвөл тэмцэхээс айдаг болж таарав. Дээр өгүүлсэн “Гараа өргөөд бууж өгдөг” уулзалтын дараа сэтгүүлчийн “Бензиний үнэ ханш дахин өсөх болов уу” гэсэн асуултад Тийм юм болохгүй. Хэрэв тийм зүйл болбол, гадаа сайхан дулаарч байна. Ёстой айхгүй” гэж хариуллаа. Одоо шатахууны компаниуд “Идэр гурван ес тачигнаж байхад үнээ нэмээд хавар 1/3 орчим хувиар буулгачихад л болно” гэж бодож байгаа ч байж магадгүй. Ингэсэн байхад л ноён С.Ганбаатар өөрийн биеэр уулзаж баяр талархлаа илэрхийлнэ шүү дээ. Үүний цаана түүний “Би л үнэ буулгасан, зөвхөн би” гэсэн санаа л яваад байна. Энэ санаагаа ч хэвлэлээр хангалттай тунхаглажээ.
“Надаас хүсэх л юм бол би долоо хоногийн дотор махны үнийг буулгаж чадна” гэж зарлав. Яаж буулгах аргаа “Эхлээд мах зарж буй захуудын эзэдтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, тэдний түрээсийн төлбөрийг буулгана. Тэгэхгүй гэвэл ямар хувьчлалаар, яаж авсан бэ гэдэг асуудлыг сөхнө. Дараа нь махны захуудыг сортолж, хамгийн бага үнэтэй захаас нь мах аваад өөр хаанаас ч хэрчим мах авахгүй байхыг ард иргэддээ уриална. Ингэж бойкот хийгээд долоо хоногийн дараа бүх мах муудаад ирэхийн алдад махны захууд үнээ буулгаад ирэхээр иргэддээ хоёр гурав хоногтоо хуушуур хийж идээрэй гэж зарлана. Долоо л хоногийн ажил” гэсэн байна. Дараа нь Тэхдээ МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд үүнийг шууд ашиглах хууль эрх зүйн орчин алга. Тэгэхээр Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхнийг ажлаа хийгээч ээ, ажлаа хийхэд чинь арга зүй, тэмцлийн зөвлөмж хэрэгтэй бол надад хандаач ээ гэж чин сэтгэлээсээ хэлье” гэжээ.
Түүний хэлсэн үгийн утга нь МҮЭХ “Ард түмэнд хямд мах идүүлэхийн төлөө жил олгогч, ажилчидтай нь зэрэг тэмцэнэ”. Тэгвэл ард түмэн гэж юуг хэлдэг хэрэг вэ. Ямар нэг бараа материалын үнэ өсөнгүүт л энэ арга барилаар хандана гээд төсөөл дөө. Үүний өмнөх долоо хоногт Ерөнхий сайдад “Амлалтаа биелүүлсэн” гээд баяр хур гэсэн. Яваандаа юмны үнэ буурах болгонд С.Ганбаатар цэцэг барьж гүйх юм байна гэж ойлголоо.
Шатахууны үнийг 280 төгрөгөөр буулгах ёстой эзэд 100 төгрөгөөр буулгахад очиж баяр хүргэнэ. “Юмны үнийг буулга” гэсэн даалгавар авч хэлэлцээрт орчихоод “Юмны үнэ дахиж өсөхгүй гэсэн” гэж гарч ирнэ. Ард түмний эрх ашгийг хамгаалахын тулд ард түмнийг хохирооно гэнэ. Энэ хүний санааг яг юу гэж ойлгох вэ.
Он гарснаас хойш үүсээд байгаа 10 гаруй хувийн инфляцийн тодорхой хэсэг нь хэтэрхий их зарладаг, массыг хамарч хийдэг түүний энэ тэмцлээс болсон гэж үзэх хүн байдаг юм билээ. Олны яриа ортой гэдэг. С.Ганбаатар арга барилаа жаахан өөрчлөхгүй бол МҮЭХ-нд Засгийн газрын харьяа агентлаг, өөрт нь ”Үнэ хөөрөгдөгч” гэсэн нэр өгч ч болохоор байна шүү.
Б.Болор
URL: