Америкчууд дэлхийн аваргаас ганзага хоосон буцсаны дараа NBA-гийн топ одод Парисын олимпыг зорих тухай мэдээ тарав

IMG_2558Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн FIBA холбооны дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээс NBA-гийн залуу тоглогчдоос бүрдсэн АНУ-ын шигшээ баг ганзага хоосон буцсан билээ.

Тэд хүрэл медалийн төлөө хөрш Канадын багтай өрсөлдөөд хожигдсон юм. Энэ тэмцээний шигшээ тоглолтод Европчууд шалгарч, аваргын цомыг Германы шигшээ баг анх удаа өргөөд байгаа.

Тэгвэл 2024 онд Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдах зуны олимпын наадамд NBA-гийн супер одууд АНУ-ын төлөө тоглох тухай мэдээ Даваа гарагт цацагдаж эхэлжээ.

Тухайлбал Леброн Жэймс, Стефен Карри зэрэг тамирчид тэдний дотор байгаа юм байна.

Олимпын хоёр удаагийн аварга, NBA-гийн дөрвөн удаагийн аварга Леброн Жэймс өөрөө шигшээ багт орох сонирхлоо илэрхийлээд зогсохгүй бусад том тоглогчдыг оролцуулахаар ятгаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал тэр Карригаас гадна Кэвин Дюрант, Энтони Дэвис, Дрэймонд Грин, Жэйсон Тэйтум нарыг шигшээ багт тоглуулахаар ярилцаж байгаа гэнэ.

Одоо 38 настай Жэймс 2008 оны Бээжингийн, 2012 оны Лондоны зуны олимпын наадмуудад АНУ-ын багийн бүрэлдэхүүнд тоглон аварга болж байсан юм. Эдгээрээс өмнө 2004 онд АНУ-ын шигшээ баг Афины олимпын наадмаас хүрэл медаль хүртэхэд тэр нөөц тоглогчоор оролцож байв.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хувьд Жэймс ганцхан 2006 оны тэмцээнд үндэснийхээ шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглоод хүрэл медаль зүүж байжээ.

АНУ-ын эрэгтэй шигшээ баг 1954, 1986, 1994, 2010, 2014 онуудад таван удаа FIBA холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Энэ амжилтаараа тэд дэлхийд Югославын (Серби) шигшээ багтай тэнцдэг.

Олимпын наадамд нийт 16 удаа түрүүлсэн нь харин дэлхийд зүйрлэшгүй өндөр амжилт юм. АНУ-ын үндэсний шигшээ баг сүүлийн дөрвөн олимпын наадамд дараалан түрүүлжээ.

 

Эх сурвалж: AFP


URL: