Пакистанд христийн шашны сүмүүдийг шатаажээ
ЛАХОР. /CNN/. Пакистан улсын хамгийн олон хүн амтай Пунжаб мужид лалын шашныг доромжилсон гэх шалтгаанаар христийн шашны найман сүм, хэд хэдэн байшинг шатаан сүйтгэсэн нь лалын ба христийн шашинтнуудын хооронд гүнзгий зөрчил үүсгэлээ.
Лхагва гаргийн орой гэхэд шатсан сүмийн тоо “найм болж нэмэгдсэн нь ичгүүртэй муухай явдал боллоо” гэж Пакистаны Хүний эрхийн үндэсний комисс мэдэгджээ.
Цагдаагийн газрын мэдээлэлд дурдсанаар, Жаранвала хотод орон нутгийн цагдаа нар христийн шашинт хоёр эрэгтэйг “Ариун Коран судрыг бузарлаж, зөнч Мухаммедыг доромжилсон” гэх үндэслэлээр Бурхныг доромжлохыг хориглосон хуулийн дагуу шийтгэсэн байна. Пакистаны христийн шашинтнууд Бурхныг доромжлохыг хориглосон хатуу хуулиар байнга шийтгүүлдэг бөгөөд шашны цөөнхүүдийг хавчин гадуурхаж, нийгмээс тусгаарлах зорилгоор уг хуулийг ашигладаг гэж иргэний нийгмийн идэвхтнүүд үздэг.
Лалын шашныг доромжилсон гэж буруутгагдаж байсан христийн шашинт нэгэн хүний гэрийг олон хүн нийлж, шатаан сүйтгэсэн тухай Нийгмийн шударга ёсны төвд ажилладаг Ясир Талиб ярьжээ. Жаранвала хот дахь Католик сүм, Авралын армийн сүм, Пентекостал сүм, түүнчлэн орон нутгийн Христийн сүм зэргийг шатаан сүйтгэсэн гэдгийг тэрбээр хэллээ.
Пакистаны түр Ерөнхий сайд Анвар-ул-Хак Какар энэхүү явдлыг буруушаагаад “шашны цөөнхийг онилж хууль зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна” гэж цахим хуудсандаа бичжээ.
Пакистан бол бурхныг доромжилбол цаазын ял оноодог орнуудын нэг юм. 2013 онд Лахор хотын оршин суугч 20 настай залууг зөнч Мухаммедын эсрэг үг хэлсэн хэргээр цагдаа нар баривчилсны дараа лалын шашинтнууд Христэд итгэгч 100 гаруй хүний гэр орныг шатааж байжээ. Мөн гурван жилийн өмнө зөнч Мухаммедын нэрийг гутаан доромжилсон хэрэгт холбогдуулан Пунжаб мужид амьдардаг таван хүүхдийн эхэд дүүжлэн хороох ял оноож байв.
Д.Одон
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: