ОХУ Киевийг эзлэх гэж оролдох уу
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн мягмар гарагт хэлэхдээ, цаашид ямар дайчилгаа явуулах эсэх нь Украины дайнд Орос юунд хүрэхийг хүсэж байгаагаас шалтгаална гэжээ. Путин Украин руу цэргээ оруулснаас хойш 15 сар гаруй болж байгаа ч Орос, Украины хүчнийхэн нийслэл Киевээс нэлээд зайтай 1000 км-ийн зайд (600 миль) фронтын шугамын дагуу их буу, танк, нисгэгчгүй онгоцтой тулалдсаар байна.
“Дайн” гэдэг үгийг хэд хэдэн удаа ашигласан Путин барууныханд олон удаа сануулга өгч, Украиныг Орос руу дайрахаас сэргийлэхийн тулд Украинд “эрүүл ахуйн бүс” тогтоох шаардлагатай байж магадгүй гэж үзээд, Москва Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс татгалзах бодолтой байна гэж мэдэгдсэн. Оросын цэргүүд Киевээс буцаж цохигдож, эцэст нь Украины зүүн болон өмнөд хэсэгт Путин Оросын нэг хэсэг гэж зарласан хэсэг газар руу ухраад байгаа юм. Украины тал Оросын цэрэг бүрийг эх орноосоо бүрэн гаргатал хэзээ ч амрахгүй гэж мэдэгдээд байгаа билээ. Путин өнгөрсөн есдүгээр сард 300 мянган нөөц хүчнийг хэсэгчлэн дайчилна гэж мэдэгдсэн нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улс руу явах замаар цэрэг татлагаас бултах гэсэн орос эрчүүдийг тоог огцом өсөхөд нөлөөлсөн.
Путин: Бид юу хүсэж байгаагаас шалтгаална
Путин Украин дахь Оросын ирээдүйн төлөвлөгөөг энэ сарын 4-нд эхэлсэн Украины сөрөг довтолгоо дууссаны дараа шийднэ гэжээ. Украины довтолгоо аль ч хэсэгт амжилтад хүрээгүй гэж Путин хэлээд Украины хохирол Оросынхоос 10 дахин их гэж мэдэгдэж байв. Украин 160 гаруй танк, гадаадаас нийлүүлсэн тээврийн хэрэгслийн 25-30 хувийг алдсан бол Орос 54 танкаа алдсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцолжээ. Путин цааш нь хэлэхдээ, Украин энэ сарын 6-нд Каховка усан цахилгаан станцын далан руу АНУ-аас нийлүүлсэн HIMARS пуужингаар зориудаар цохилт өгсөн нь Киевийн сөрөг довтолгоонд саад учруулсан хэмээжээ. Дайны эхэн үед Оросын цэргүүд булаан авсан даланг Орос дэлбэлсэн гэж Украин мэдэгдэв. Түүнчлэн Кремлийн тэргүүн “Дайны нөхцөл байдал хэрхэх нь бид юу хүсэж буйгаас шалтгаална” хэмээсэн байна.
URL: