Хоёр Ерөнхийлөгч хамтарсан тунхаг гаргав

Хоёр ерөнхийлөгч хамтарсан тунхаг гаргавЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн ням гаригт манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлэгч G7-ийн нэгд багтдаг, өнө эртний харилцаатай Франц улсын төрийн тэргүүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жанжин Сүхбаатарын талбайд эрхэм зочноо угтав.

Монгол Франц хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсад ЭСЯ-аа байгуулсан өрнөдийн хоёр дахь улс хэмээн үздэг. Хэдийгээр цаасан дээрх харилцаа жарныг шүргэж яваа ч хоёр улсын харилцаа тэртээх 12 дугаар зуунд ч байсныг Хархорин хотын төвд байгуулсан үзэсгэлэнт оргилууран цэцэрлэгээс харж болно. Өдгөө 10000-тын монгол мөнгөн дэвсгэрт дээр түүх болон үлдсэн “мөнгөн мод”-ыг тухайн үеийн Францын архитектор бүтээж байсан гэдэг.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад анх удаа айлчлахдаа 50 гаруй хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн нь энэ удаагийн айлчлалд Франц улс асар өндөр ач холбогдол өгч байгааг илэрхийлж буйг олон улсын судлаачид онцлон тэмдэглэж байлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгч Э.Макронд бараалхаж, хоёр орны харилцааны талаар санал солилцсон. Мөн Э.Макрон ерөнхийлөгч Мянганы суут хүн Чингис хааны музейд зочилж, түүхэн дурсгалуудыг үзэж сонирхлоо. Дашрамд дурдахад, ирэх аравдугаар сард БНФУ-д Чингис хааныг алдаршуулсан түүхэн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажил эхэлсэн байна. Энэ үзэсгэлэнд зориулан Чингис хааны музейн зарим үзмэрүүдийг түр байршуулан олон улсад сонирхуулахаар болжээ. Францын ерөнхийлөгч Э.Макрон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэхүү түүхэн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Франц улсад айлчлахыг урьжээ.

БНФУ-ын ерөнхийлөгчийн манай улсад хийсэн анхны удаагийн түүхэн айлчлалын үр дүн, хэлэлцсэн асуудлыг тоймлон хүргэе.

-Төв талбайд гар барин уулзсан хоёр улсын төрийн тэргүүд Төрийн ордонд хамтарсан тунхаглал гаргаснаа зарласан нь айлчлалын албан ёсны арга хэмжээний оргил хэсэг байв. Монгол-Франц хоёр улсын төрийн тэргүүн нарын гаргасан энэхүү Хамтарсан тунхаглал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсныг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

-Хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотолж, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэх талаар хоёр улсын төрийн тэргүүн нар онцлов.

-Хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

-Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр Ерөнхийлөгч илэрхийллээ. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

-Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нотлов.

-Талууд энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.

-Тогтвортой хөгжил болон уур амьсгал, байгаль хамгааллын зорилтуудыг хангах, дэлхийн нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор Франц Улсаас зургаадугаар сард зохион байгуулах “Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээ” дээд түвшний уулзалтын зорилтыг Монгол Улс дэмжив.

-Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болов. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: