Хахууль авсан гэх цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийн шүүх хурал 16 удаа хойшилжээ

buzzpgimg_62981474f40bbНийслэлийн прокурорын газраас Ө.Алдармаа нарын 14 хүнд Эрүүгийн хуульд заасан “хахууль авах”, “хахууль өгөх”, “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг 2022 оны хоёрдугаар дугаар сарын 16-нд шүүхэд шилжүүлжээ. Гэвч уг хэргийн шүүх хуралдаан 16 удаа дараах үндэслэлээр хойшилсон байна. Үүнд:

  • Өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхардсан шалтгаанаар 7 удаа,
  • Хохирогч нараас хүсэлт ирүүлсан шалтгаанаар 1 удаа,
  • Өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шалтгаанаар 1 удаа,
  • Шүүгдэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шалтгаанаар 1 удаа,
  • Өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч авч байгаа гэх шалтгаанаар 2 удаа,
  • Шүүгдэгч амаржсан шалтгаанаар 1 удаа,
  • Шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй байгаа шалтгаанаар 2 удаа дараалж,
  • Өмгөөлөгч үйлчлүүлэгч нараасаа татгалзсан шалтгаанаар 1 удаа.

Хэргийг эргэн сануулахад Ө.Алдармаа нь Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын хүүхдийг хууль бусаар элсүүлж, эцэг эхчүүдээс хахууль авсан гэх асуудал анх 2020 онд нийтэд ил болсон.  Нэр бүхий 29 хохирогчтой гэх эл хэрэгт холбогдуулан:

  • Ө.Алдармаа,
  • Г.Долгорсүрэн,
  • С.Амангүл,
  • Л.Гэрэлтуяа,
  • М.Бат-Очир,
  • Б.Мөнгөн,
  • Б.Өлзийсайхан,
  • Г.Ариунзул,
  • Д.Дашдорж,
  • З.Оюунтуяа,
  • Д.Дамдинрагчаа,
  • Б.Батцэцэг,
  • Д.Бадам,
  • Б.Солонго зэрэг 14 хүнд Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д заасан дараах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээ шүүхэд шилжүүлжээ.

22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


URL: