АСЕАН-ы удирдагчид их гүрнүүдийн тэмцэлд оролцохоос зайлсхийхээр тохиролцжээ
ЛАБУАН-БАЖО. /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) удирдагчид их гүрнүүдийн тэмцэлд оролцохоос зайлсхийхээр тохиролцжээ. Энэ тухай Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим мэдэгдсэн байна.
“АСЕАН-ыг чөлөөт бүс болгон бэхжүүлж, их гүрнүүдийн тэмцэлд оролцохоос зайлсхийх хэрэгтэй гэдэгт удирдагчид санал нэгдсэн” гэж тэрбээр хэлснийг Индонезын “КOMPAS” сонин эш татжээ.
АСЕАН-ы 42 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Индонезын Лабуан-Бажо хотноо тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болсон. Уулзалтад оролцогчид Мьянмарын байдал, мөн холбооны эдийн засаг, нийгэм-соёлын хөгжлийн асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Зүүн Тиморыг бүс нутгийн эвсэлд 11 дэх гишүүнээр элсүүлэх замын зураглалыг баталсан байна.
Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоог 1967 онд байгуулсан бөгөөд өдгөө Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 орныг нэгтгэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: