Суданд гал зогсоох тохиролцоог дахин сунгажээ
ХАРТУМ. /DW/. Суданы арми ням гаргийн шөнө дунд хүртэл мөрдөх байсан гал зогсоох тохиролцоог дахин 72 цагаар сунгахаар шуурхай хариу арга хэмжээ авах хүчинтэй тохиролцсон талаараа ням гарагт мэдэгдлээ.
Армийн мэдээлснээр, АНУ, Саудын Арабын зуучлалаар тохиролцоог сунгажээ. Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин мөн хүмүүнлэгийн түр эвлэрлийг дахин гурван хоногоор сунгахаар тохиролцсоноо мэдээлсэн байна.
Хүмүүнлэгийн зурвас нээх, иргэд, оршин суугчдын хөдөлгөөнийг хөнгөвчлөх, улмаар тэдэнд аюулгүй газарт очих боломжийг бүрдүүлэх зорилгоор гал зогсоохоор тохиролцсон гэж хагас цэрэгжсэн бүлэглэл “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Өнгөрсөн пүрэв гаргаас 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон ч амралтын өдрүүдэд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсэн бөгөөд талууд хэлэлцээрийг зөрчсөн хэмээн харилцан бие биеэ буруутгасаар байна.
Суданы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 500 гаруй хүн амиа алджээ. Харин Суданы Эмч нарын хороо 425 хүн амиа алдаж, 2091 хүн шархадсан гэж мэдээлж байна.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: