Монгол гэдэг нэрээ өндөрт өргөж явах сан

N_BM6716-scaledМанайхан юм л бол дэлхийн талыг эзэлж явсан, Их Эзэн Чингис хааны удам хэмээн цээжээ дэлддэг. Гадаад оронд очоод хэл мэдэхгүй сандарч тэвдэхдээ хүртэл өөр рүүгээ заагаад “Чингисийн Монгол” хэмээн аргаа олоод явчихаж байсан гэдэг. “Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай, Монголын төлөө гэх сэтгэл бидний зүрхэнд уяатай” хэмээн хэн хүнгүй омогшдог. Харамсалтай нь сүүлийн үеийн залуус тэр омогшил бахархлаа гээж байна. Гээх байтугай гутааж байна гэвэл үнэнд илүү нийцэх байх. Саяхны жишээ, Тайландын цагдаагийн газраас Бангкок хотын Суварнабхуми нисэх буудалд хулгай хийдэг байсан Монголын гэмт хэргийн бүлэглэлийн гурван гишүүнийг баривчиллаа гэсэн мэдээлэл цацагдлаа.

Одоогийн байдлаар Японы хоёр, Тайланд, Канадын тус бүр нэг жуулчин нийлээд 7575 ам.доллароо тэдэнд алдсан гэдэг мэдээ байна. Нисэх буудлын камерын бичлэгээс харахад гурван эрэгтэй, хоёр эмэгтэй, таван монгол хүн бүлэглэн хулгай хийж байгаа нь баримт болон үлджээ. Гурван эрэгтэй нь гадаадын жуулчныг тойрч, анхаарлыг нь сарниулж байсан бол эмэгтэйчүүд цүнхнээс мөнгийг нь хулгайлж байх юм. Мөн цахилгаан шатан дотор ч хохирогчийг хүрээлэн зогсож байгаад хулгай хийж байсан гэнэ.

Мөнгө хулгайлсан хоёр эмэгтэй баригдаагүй ч гурван эрэгтэй нь баригджээ. Монголдоо багтахгүй тэнэж, гүрэн дамжин эх орноо гутааж явах харамсалтай, эмгэнэлтэй юм. Ирээдүйн эзэд минь битгий ийм байгаасай. Ертөнцийн хаана ч очсон, дэлхийг тойрсон ч Монгол гэдэг нэрээ өндөрт өргөж явах сан…


URL: