Амралтын газар амарч яваад алга болсон охины цогцсыг олжээ

-Одоогоос хоёр сар гаруйн өмнө Богдхан уулын амны ойролцоо байх Болор туул амралтын газраас алга болсон 16 настай охины цогцсыг урд шөнө олсон байна-  16 настай охин амралтын газраас алга болж, охиныг эсэн мэнд олохын тулд цагдаагийн байгууллага, ар гэрийнхэн, найз нөхөд нь хүч чармайлт гаргаж байсан нь талаар болж, охины цогцсыг урд шөнө алга болсон газар буюу Болор туул амралтын газраас 2.5 км зайтай төмөр замын гарамын доор ухсан нүхэнд байсныг нь олжээ.

Сэтгэл хэрдхийлгэм энэ мэдээллийн мөрөөр бид хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржтой утсаар холбогдсон юм. Тэрбээр охины цогцос олдсон нь үнэн гэдгийг хэллээ.

Бага тэнгэрийн амны ойролцоо байрладаг “Болор туул” амралтын газар найзууд болон үерхдэг хөвгүүнтэйгээ төрсөн өдөр тэмдэглэхээр очсон 16 настай Б.Нинжсанаа охин энэ оны нэгдүгээр сарын 4-нд алга болсон байдаг. Түүнийг алга болсныг найзууд нь мэдэж, амралтын газрын манаачид хэлснээр оройн 21.00 цагийн орчимоос эрэл хайгуул хийж эхэлсэн ч олоогүй юм. Бүр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан хаагч болон дотоодын цэргийн анги, нэгтгэлийн сонсогчид гээд 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг эрэлд гарч, самналт хийсэн ч олоогүй билээ. Охиныг алга болсны дараа энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91дүгээр зүйлийн 91.1 дэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгээд байв. Охиныг алга болох өдөр түүнтэй хамт байсан нэг ангийн гэх хүүхдүүдээс цагдаагийнхан мэдүүлэг авч байсан билээ.

Харамсалтай нь охиныг эсэн мэнд олж чадсангүй. Мэдээж түүний цогцсыг ухсан нүхнээс олсон нь энэ хэргийг хэн нэг нь санаатай үйлдсэн гэдгийг баталж байх шиг. Гэвч нүхийг булаагүй байсан нь цагдаа нарын гайхшралыг төрүүлж байгаа гэнэ. Нүхэн дэх цас хайлж, охины цогцос ил гарснаар энэ хэргийг илрүүлсэн бололтой юм. Одоогоор охиныг хөнөөж, цогцсыг нь нүх ухаж булсан уу, эсвэл энэ хэрэгт хөндлөнгийн нөлөө байхгүй юу гэдгийг тогтоохоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Охиныг эрж хайж байх үеэр хэвлэл мэдээллээр “Болор туул” амралтын газрын цаахна байх Туул голын бургасанд нэлэнхүйдээ хүний мөр гарсан, голын нимгэн мөсийг хүртэл цоолж үзсэн мөр байна, охиныг алга болохоос өмнө харсан хүн байна. Охиныг алга болдог өглөө сүүгээ зарахаар Зайсан толгой орчмоор алхаж явсан хүн гадуураа хувцасгүй, дан цамцтай охин зам даган алхаж явахыг харжээ. Охин замын машинд гар өргөхгүй байсан бөгөөд зогссон машинд ч суухгүй байсан” гэх зэрэг мэдээлэл гарч байв. Охины ээж, аав ч хүнд байдалд орж, ээж нь охиноо алга болсон гэх газраар өдөржин явж, “Миний охин. Ээжийн охин” гээд л дуудаад явдаг тухай сэтгэл сэрдхийлгэж, өр өвтгөм мэдээллүүд гарч байлаа. Аав, ээж нь мэргэч, төлгөч лам, бөө гээд л яваагүй газар байхгүй болоод байгааг хамаатан саднууд нь хэлж байсан. Охиныг нэг харанхуй газар байна хэмээн хэд хэдэн бөөгийн төлгөнд буусан тухай ч мэдээлэл гарч байв. Гэвч ээждээ “Ээж ээ охин нь удахгүй эргээд ирнэ” гэж хэлээд гарч явсан 16-хан настай охин ээждээ эсэн мэнд эргэж ирж чадсангүй.

Ц.Эрдэнэцэцэг
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих