Тамга нь Лу.Гантөмөрт, гэрчилгээ нь С.Эрдэнэд хадгалагдаж байна

331064982_574623571206870_2385101496898820030_n_20230310092534АН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа Лу.Гантөмөр “Хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй” гэж мэдэгдсэн ч С.Эрдэнэ тойргийн гадна үлдсэн. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр С.Эрдэнэтэй ойлголцож чадаагүй бөгөөд С.Эрдэнэ Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдсоныг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа юм.

Нэгэнт л эв зүйгээ олж чадаагүй, ойлголцоогүй тул АН-ын дарга, тамга тэмдэгний хэрүүл үргэлжилдгээрээ үргэлжилж хууль, шүүхийн маргаантай байна.

Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн сарын 28-ний өдөр Лу.Гантөмөрийн талаас Улсын Дээд шүүхэд хандсан. Ингэхдээ намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраар дамжуулж “Намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд АН-ын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл хүргүүлжээ.

Харин дээрх өргөдөл, хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаараа өнгөрсөн мягмар /2023.03.07/ гарагт хэлэлцэж, “Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй” гэж үзсэн юм.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд байгаа АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг Лу.Гантөмөрт олгох боломжгүй гэх шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр Лу.Гантөмөрт АН-ын дарга гэх эрх мэдэл, түүнийг нь гэрчлэх тамга нь хадгалагдаж байгаа ч тэдгээрийнх нь албан ёсны бичиг баримт нь С.Эрдэнийн талд үлдлээ. Эндээс харахад, тойргийн гадна үлдсэн С.Эрдэнэ эрх мэдлээсээ тас зуурч, тойрогтоо С.Эрдэнийг урьж, ойлголцож чадаагүй Лу.Гантөмөр хууль, шүүхийн үүд сахиж сонгуультай золгох бололтой.

https://news.zindaa.mn/4j4o


URL: