Жо Байден, Юн Сог Ёль нар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийнэ

712-16783277566409301ad3d0aВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийхээр ирэх сард Вашингтон хотноо айлчилна гэж Цагаан ордон мэдэгдэв.

“Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар АНУ-д төрийн айлчлал хийх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, тэргүүн хатагтай Ким Кён Хи нарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзаж, төрийн зоог барина” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ.
Юн Сог Ёлийн айлчлал нь Ж.Байденыг 2021 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш АНУ-д гадаадын улс орны удирдагчийн хийж буй хоёр дахь төрийн айлчлал болно гэдгийг К.Жан-Пьер онцолсон байна.
“АНУ, БНСУ-ын холбоотны харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хийх энэхүү айлчлал нь зөвхөн хоёр орны төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, цаашлаад дэлхий даяар энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих чухал ач холбогдолтой” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Мэдэгдэлд мөн “Ж.Байден, Юн Сог Ёль нар АНУ-БНСУ-ын бат бөх холбоотны харилцааны ач холбогдол хийгээд БНСУ-д өгсөн үүрэг амлалтдаа АНУ тууштай хэвээр байх болно гэдгийг цохон тэмдэглэнэ” гэж дурдсан байна.
БНСУ, АНУ 70 жилийн тэртээ 1953 оны 10 дугаар сард батлан хамгаалахын салбарт харилцан туслалцах гэрээ байгуулсан түүхтэй.
Байден-Юн нарын дээд хэмжээний уулзалт БНАСАУ-аас учрах цөмийн болон пуужингийн аюул занал урьд хожид байгаагүй түвшинд хүрээд байгаа үед болох гэж буй юм. Пёньян өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 69 баллистик пуужин харвасан бөгөөд урьд нь нэг жилд хамгийн олондоо 25 пуужин харваж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: