Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: бодрол №1
Хүмүүсийн “дэлхий дахин” гэх олонлог тун алаг цоог бүрэлдэхүүн, бүтэцтэйгээр XXI зуунд аж төрж байна. Энэ олонлог 200 гаруй улс орноос бүтдэг. Гэхдээ дотоод бүтэц нь түүхэндээ тун ч олон янз байдалтай байжээ.
XX-дугаар зууны эхэн гэхэд л арав гаруй эзэн орон, үлдэх нь колониуд болж байв. Дараа нь капиталист систем, социалист систем гэх хоёр хэсэгт хуваагджээ. XX зууны эцэс, XXI зууны эхэн гэхэд дэлхий дахин бараг нэг төвтэй шахам болоод байлаа.
Харин одоо олон төвтэй, олон тулгууртай, олон дэд системүүдтэй болох чигт хувьсаж, өөрчлөгдөж байна. Дэлхий дахиныг бүтээж буй 200 гаруй улс орон ч ойр хоорондоо ялгарах зүйл ихтэй. Тэдний 100 гаруй нь ерөнхийлөгчийн засаглалтай, 20 орчим нь парламентын засаглалтай, 40 гаруй нь засаглалын хэлбэрээ хуульчлаагүй, 10 орчимд нь парламент байхгүй. Бичмэл үндсэн хуульгүй улс орон ч буй (Их Британи, Израйль, Шинэ Зеланди). Нийт дунд нь авч үзвэл улс орон бүр л засаглалын аль нэгэн хэлбэрийг туршиж, өөрийн онцлогт тохируулан хэрэглэх, боловсронгуй болгох гэж оролдож байгаа юм. Ямар нэгэн сонгодог хэлбэр гэж байхгүй. Ерөнхий, түгээмэлдүү зарчим гэж л ярьж болох юм.
Төрийн эрх, засаглалыг хуваах, тэнцвэржүүлэх, нэг хүний, нэг бүлгийн хязгааргүй эрхийг халах, засаглал хооронд хяналт тогтоох, хариуцлага, сахилгыг өндөржүүлэх талаарх үзэл, онолын эцэг гэгдэгч Локк, Монтескье нарын онол-аргазүйг улс орныхоо өвөрмэц байдал, онцлогт тохируулан хэрэглэх ухаан, сурц одоогоор улс орон нэг бүрт л мөхөс, дорой байгаа үнэн. Зарим улс оронд энэ онол-аргазүй хуурамч, дүр эсгэсэн, ард түмнээ төөрөлдүүлсэн хэлбэрээр “хэрэгжиж” байгаа нь ч нууц биш болоод байна. Одоогоор ардчилсан гэгдэх олон оронд чинээлэг бүлгийн, олигархиудын, үндэсний хөрөнгөтний төр засаг тогтжээ. Ард түмэн, сонгогчдын улс төрийн боловсрол дорой, амьдрал ядуу, элдвээр хууртагдах нь хялбар байдал нь олигархиуд, элитүүдэд олон арван жилийн туршид ийм боломж олгосоор иржээ.
“Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй… Тэд нэгдэж нийлээд шүүхийг ч мөн эрхэндээ авчихболно” гэсэн Монтескье хатуу сануулгыг үл тооцсон улс орон ч олон боллоо. Монгол дахь засаглалын холимог тогтолцоог Английн үндсэн хуульт хаант засаглалтай адилтгаж өөрчлөх гэх нь мөн л утгагүй зүйл.
Англид сонгуулийн бус аргаар төр барилцах эрх эдэлдэг олон элемент буй. Парламентын дээд танхим нь сонгуулийн бус, хаан, түүний зөвлөхүүд нь сонгуулийн бус гэх мэт. Парламентын доод танхим нь засгийн газрын дэргэдэх хууль тогтоох байгууллага шахуу. Хуулиудын 90 гаруй хувийг засгийн газар нь санаачилж шууд шахам батлуулдаг. Хууль тогтоох, биелэлтийг хянах үндсэн үүргээ жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чадаж байгаа парламентыг л бодит хүч, бодит парламент гэдэг. Бодит парламент бол хууль нэг бүрийн хэр үндэслэлтэйг судалж, шалгаж, өргөн хэлэлцүүлэг хийж, эрдэмтдээс санал авч, цөөнхийн үгийг заавал сонсож, бүх “но”-г тодруулж дуусаад эцэст нь нууцаар санал хураах ёстой. Санал илээр хураах юм бол парламент бодит шинжээ гээж өнөө л хуурамчлал, булхай, лобби цэцэглэдэг жамтай. Энэ бол энд ч тэнд ч нотлогдсон, олон дахин шалгагдсан үнэн юм.
Парламент байхгүй атлаа хөгжиж, цэцэглэж буй орнууд ч (Аравын Эмирт, Бруней, Катар, Оман, Саудын Араб, Лесето, Ватикан, гм) бас байнаа. Орон орны онцлогийг, уламжлалыг үгүйсгэх аргагүй билээ.
Локк, Монтескье нарын үзэл, онол бол “төрийн эрх мэдлийг төрөлжүүлж хуваа, төрөл тус бүрд тухайн чиглэлээр нь дээд эрх эдлүүл, алиныг нь ч бусдын нь дээр бүү тавь, аль нь ч алинаа хянах шүтэлцээтэй болго, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэх, зөрчих аваас оноох ял, зэмлэлийг хуульчлан тогтоо, хяналт ба хариуцлагын хийдэл үгүй тогтолцоог ажиллуул, төрийн аль ч байгууллагыг зөвхөн, ганцхүү хуулийн дагуу л ажилладаг, хууль дээдэлдэг болгож хэвшүүл” гэсэн утгатай. Энэ утга, зарчмыг хуульчилж, хэлбэршгүйгээр мөрдөх ёстой. Ингэж чадахын төлөө л үндсэн хууль, үндсэн хуулийн хууль, органик хуулиуд, бусад хууль, эрхийн актуудыг чанартай сайн боловсруулж байх учиртай. Улстөрийн намын тухай хууль нь дутагдал, хийдэл ихтэй байгаа бол авилга, луйвар, хулгай намууд дотор нь орогнож, цэцэглэдэг.
Локк болон Монтескьегийн үзэл, баримтлалыг өөртөө нилээд зөв шингээж чадсан үндсэн хуулийн тоонд АНУ-ын үндсэн хууль нэрлэгддэг. 1776 онд тусгаар тогтнолын тунхаг гаргаж, 1787 онд үндсэн хуулиа баталсан энэ орон ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ. АНУ энэ үндсэн хуулийнхаа дагуу 236 жил хөгжиж, одоо 300 шахам сая хүн амтай, тэдгээрийн 70 гаруй хувь нь хотод, 20 гаруй хувь нь хөдөө тосгонд аж төрдөг өндөр хөгжилтэй, хүчирхэг улс болоод байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай оронд хүчтэй гүйцэтгэх засаглал, мөн хүчтэй хууль тогтоох, хяналт тавих засаглал тогтдог. Аль аль нь ард түмнээс шууд сонгогддог болохоор эрх тэгш байж хэн хэндээ хатуу хяналт тавьж, тогтвортой ажилладаг. Ерөнхийлөгчөөр толгойлуулсан засгийн газарт нь парламентын гишүүд байдаггүй.
АНУ-д засгийн газрын хөтөлбөрийг заавал Конгрессоор хэлэлцэж баталдаг тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь “захиран тушаах биш харин ойлгуулж үнэмшүүлэх эрх” юм.
АНУ-ын үндсэн хууль 7 зүйл, 26 нэмэлт, засвараас бүрддэг. Үндсэн хуульд оруулсан эхний засвар “Чөлөөтэй үг хэлэх, шашин шүтэх, тайван цуглаан хийх эрхэд саад тотгор болох аливаа хуулийг Конгрессоос батлан гаргахыг хоригложээ”. Харин 5 дахь засвар нь “гэмт хэрэгт холбогдсон хүнийг өөрийн нь эсрэг гэрчлүүлэх гэж албадаж болохгүй” гэсэн заалт байв.
АНУ-ын парламент дээд, доод хоёр танхимтай. Дээд нь 100, доод нь 435 гишүүнтэй. Доод танхим нь 2 жилээр сонгогддог. Дээд нь 6 жилээр сонгогддог хэдий ч 2 жил тутамд 33-ыг нь шинэчилж байдаг. Энэ нь гишүүд үлдэх, дахин сонгогдох гэж мэрийхэд хүргэдэг сайн талтай. Доод танхимын гишүүд ч 2 жилийн дотор өөрийгөө хэр чадварлаг болохыг үзүүлэх, нотлох гэж хариуцлагатай, сахилгатай байцгаадаг. Монголын байдал гэвээс 4 жилийн дотор хурал их тасалдаг, ажилдаа цөөхөн ирдэг гишүүд цөөн биш. Хурлын ирц 50+1 хувьтай байхад хэвийнд тооцогддог. Ийм албан газар байж болох уу? Жишээ нь эмнэлгийн эмч нарын 49 хувь ажилдаа ирэхгүй байвал яах билээ? Дээр нь гишүүдийн халдашгүй байдал гэх илүүц эрх, шудрага ёсны гажуудал … хийрхэл. Хөгжилтэй, хөгжингүй, хүчирхэг улсуудын дийлэнх олонхи нь ерөнхийлөгчийн засаглалтай байгаа баримт юу өгүүлнэ вэ? Энэ талаар бодоцгоогоорой!…
АНУ-д ерөнхийлөгч, парламент, дээд шүүх гурвуулаа хуулиар олгогдсон, бас хязгаарлагдсан дээд эрхтэй, гурвуулаа хүчтэй, гурвуулаа үйл ажиллагааны өргөн бололцоотой, гурвуулаа харилцан бие биенээ хянадаг, огцруулах хүртэл нөлөөлдөг, гурвуулаа шүүх ба хуулийн өмнө адил тэгш эрхтэй, гурвуулаа тогтвортой ажиллах боломжтой.
Парламентын засаглалтай оронд, тэр тусмаа бага, буурай оронд төрийн бүх эрх мэдэл парламент дахь олонхид шилждэг. Ялсан нам нууцаар, бүр төрийн нууц гэж байгаад муу муухай бүхнийг хийдэг. Ялангуяа гадны гар хөл болооч нам олонхи болчихвол эх орноо ч худалдна. Хүчтэй улс орон их мөнгөөр нэг намыг олзолж аваад, сонгуульд ялуулаад, дараа нь ил, далд мөлжиж, дээрэмдэж гардаг. Английн нөлөөнд орсон парламентын засаглалтай жижиг улсууд яг л тийм байдлаар үнэтэй бүхнээ алдсан юм. Тиймээс ч ерөнхийлөгчийн засаглалтай улс 100 гаруй байхад парламентын засаглалтай улс орон 20 орчим л байдаг ажээ…
Бодох л асуудал юм шүү дээ!
Английн тухайд: Хааны хэмжээ, хязгааргүй эрх мэдлийг ард олноос сонгогдсон төлөөлөгчдийн эрх, мэдэлд шилжүүлэх өгөх гэсэн оролдлогын биелэл болж л парламентын засаглал бүхий төрийн тогтолцоо анх үүсэж, хөгжиж иржээ. Тэгэхдээ Английн төрийн тогтолцоо бол төрийн засаглалыг хуваах, тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавих, хариуцлага тооцох талаарх Локк, Монтескье нарын үзэл, онолыг өөртөө тун муу гэхээр, илэрхий хуучинсагаар шингээсэн гэж үнэлэгддэг. Учир нь Британий төрийн тогтолцоо уламжлалт хөрснөөсөө нэн их хамааралтай, эзэнт гүрний үеийн гэгдэх шинжүүдээсээ салах тун дургүй, чухал, дэвшилттэй зүйлүүдийг ч гэсэн өөртөө шингээх, идээшүүлэх боломжоор тун хомс. Чухам энэ байдлаас шалтгаалж ардчилсан төрийн талаарх Локк, Монтескье нарын сургаалыг (хожуу боловсрогдсон) АНУ-ын үндсэн хууль, төрийн байгууламжинд л анх удаа илүү сайн тусгагдсан гэцгээдэг ажээ.
Англид бол угсаа залгамжлан захирч, засаглаж ирсэн хаадын эрх мэдлийг иргэдийн төлөөлөгчдийн байгууллагад шилжүүлэн авах үйл явц болж төрийн хөгжил нь өдгөө хүртэл үргэлжилж байна. Энэ үйл явц нь дуусаагүй, дуусах үед нь л засаглалыг жинхэнэ ёсоор тусгаарлах, хуваах, тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьж, хариуцлага тооцож, ганцхүү хуульд захирагдан ажиллах тухай Локк, Монтескьегийн онол, сургаал ахин дахин яригдах, тусгагдах, туршигдах нь эргэлзээгүй юм. Иймээс Английн жишгийг авахдаа энэ бүхнийг тооцох, гол нь үндэстнийхээ өвөрмөц байдлыг таньж, түшиглэх, өнгөрөөсөн амьдрал, практикаасаа сургамж авах нь л чухал болно.
Аль ч улс оронд ерөнхийлөгчийн үүрэг, ач холбогдол нь тэрээр засгийн газрыг толгойлж байгаа тохиолдолд л тод илэрдэг, үр дүнтэй байдаг. Парламентаас баталсан хуулиудын хүрээнд амжилттай ажиллаж, мөн парламентын хяналтын доор алдаа, дутагдалгүй үүргээ гүйцэтгэж чадаж байгаа ерөнхийлөгч л аль ч улс оронд үнэлэгддэг, хүндлэгддэг. Ийм болохоор л дэлхийн ихэнх улс орон ерөнхийлөгчийн засаглалд шилжих хандлаганд автаж эхэллээ. Орос, Хятад хоёрын дунд оршиж байгаа Монголын хувьд УИХ-ын хатуу хяналтын доор ажилладаг хүчтэй ерөнхийлөгчийн засаглал л хамгийн оновчтой, үр дүнтэй, маневарлах хурд сайтай засгийн газар байх болов уу. УИХ-ын хяналт, Шүүх засаглалын хяналт, хэвлэл-мэдээллийн хяналт, иргэний нийгмийн хяналт ерөнхийлөгчийг, засгийн газрыг хазгай гишгүүлэхгүй л дээ. Энэ байдлыг тооцоод манайхан улиг болсон, шинэ бодит байдалтай нийцэхгүй болчихсон хардлага, болгоомжиллоос салах хэрэгтэй. Ухаалаг, эх оронч, туршлагатай, ёс суртахуунтай, түүх, уламжлалаа сайн мэддэг, тооцдог, шудрага, шийдэмгий ерөнхийлөгч л засгийн газрыг тэргүүлэх ёстой. Энэнээс өөр зөв хувилбар XXI-дүгээр зуунд байхгүй. УИХ-д олонхи болсон намууд бүгд л ээлжлээд авилга, хулгай, луйвар, шахаа, чавчаатай зууралдах нь гарцаагүй шүү дээ. Олон улсын практик ч яг л ийм байна.
Ерөнхийлөгч хүн засгийн газрын тэргүүн байх нь аль ч улс орны хувьд Нэгдүгээрт: түүх-уламжлалын үндэстэй,
Хоёрдугаарт: ард олны сэтгэлзүйн үндэстэй,
Гуравдугаарт: нийгэм-улстөрийн үндэстэй,
Дөрөвдүгээрт: үзэл-онолын үндэстэй,
Тавдугаарт: дэлхий дахины уламжлал, жишиг, өнөөгийн гол хандлагын үндэстэй юм.
Өнөөдөр гэхэд л дэлхийн 200 гаруй улс орны дийлэнх олонхид нь ерөнхийлөгч нь аль нэгэн байдлаар (шууд, дам) засгийн газраа удирдаж, тэргүүлж байна. Нар, сар, үнэн гурвыг нууж болдоггүй гэдэг дээ! Нийт олноороо итгээд сонгосон ерөнхийлөгч (ерөнхий сайд) биш, жалга, довоос сонгогдсон гишүүд, олонхи болсон намын олигархиуд л зоргоороо авирлаж, идэж хулгайлж байгааг бид 32 жилийн туршид харлаа, ойлголоо шүү дээ. Тэдний хийгээгүй булхай, луйвар гэж байна уу?
Судлаач, профессор Д.Чулуунжав
URL: